Ч.Чимид - БИ МОНГОЛ ХҮН

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын бараа ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг

Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдэж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Намираа хур нь тэжээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутагтаа би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг мөрнөө би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Ирээдүйг түмэнтэйгээ босголцох

Их үүргийг хүлээсэн юм
Хэрэв хүн эх ороноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа
Юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө бол
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжэээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн монгол хүн
Эх орондоо хайртай хүн

Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билэээ
Би монгол хүн болохоор
Биндэръя нутгийнхаа төлөө
Бие амь, бүх насаа
Авч байгаа амьсгаагаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг

Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цууриатсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тутам баясаж байна
Халуун амиа дүйхгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээс
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би Монгол хүн болохоор
Нарлаг Монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа

Анд найз нөхөдтэйгээ
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.