АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Жулиан Ассанжид өршөөл үзүүлэх санал тавьсан гэв

Twitter Print
2020 оны 02-р сар 20-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2017 онд WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжид тодорхой нөхцөлтэйгээр өршөөл үзүүлэх санал тавьсан тухай Жулиан Ассанжийн өмгөөлөгч Эдвард Фитцжеральд өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдааны үеэр мэдэгджээ.

Түүний хэлж байгаагаар 2017 онд Америкийн Бүгд Найрамдах намын төлөөлөгч Дана Рорабахер Жулиан Ассанжтай уулзсан ба Жулиан Ассанжид 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр WikiLeaks Америкийн Ардчилсан намынхан тэр дундаа Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны цахим шууданг илчилсэн явдалд ОХУ ямар ч хамаагүй хэмээн мэдэгдэхийг санал болгосон ба үүний хариуд Ерөнхийлөгч Д. Трамп түүнд өршөөл үзүүлнэ гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришэмийн зүгээс энэхүү мэдэгдлийг худал хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Дана Рорабахерийг Конгрессийн гишүүн асан гэдгээр нь л таних бөгөөд түүнтэй Жулиан Ассанж болон өөр бусад асуудлаар хэзээ ч ярилцаж байгаагүй гэдгийг онцолжээ. Дана Рорабахерийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хэзээ ч Жулиан Ассанжийн тухай ярилцаж байгаагүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр 2017 онд Жулиан Ассанжтай өөрийн хувийн зүгээс уулзсан бөгөөд Жулиан Ассанжийг Ардчилсан намынхны шууданг хэрхэн олж авсанаа мэдэгдсэн тохиолдолд Ерөнхийлөгч Доналд Трампаас түүнд өршөөл үзүүлэхийг өөрийн зүгээс санал болгоно гэдгээ хэлсэн хэмээн мэдэгджээ.

Америкийн Тагнуулын алба 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Д. Трамп ялалт байгуулсан мөн Д. Трампын гол өрсөлдөгч Хиллари Клинтоны цахим шууданг хакердсан явдалд ОХУ гар бие оролцсон хэмээн үзэж байгаа билээ. ОХУ Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөнөө үгүйсгэж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ОХУ-тай ямар нэг байдлаар хамтран ажиллаагүй хэмээн мэдэгдсээр байгаа билээ. WikiLeaks-ийг үндэслэгч 48 настай Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын газарт 7 жилийн турш хорогдсон ба түүнийг өнгөрсөн 4-р сард баривчилсан юм.

Trump offered to pardon Assange if he denied Russia helped leak Democrats' emails: lawyer-н зурган илэрц

Түүнийг АНУ-д Америкийн засгийн газрын компьютерүүдийг хакердсан, тагнуулын хуулийг зөрчсөн зэрэг нийт 18 зүйл заалтаар буруутгаж байгаа ба түүний буруутай нь нотлогдвол тэрээр шоронд хэдэн 10 жилийн турш хоригдох аж. 2010 оны Америкийн зэвсэгт хүчний Багдадад явуулсан цэргийн нууц ажиллагааны баримтуудыг WikiLeaks цахим хуудсаараа дамжуулан дэлгэсэн Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх эсэхийг шийдэх шүүх хурлын эхний хурал ирэх даваа гарагт болох бол дараагийн хурал ирэх 5-р сард болох аж.

2010 онд Америкийн Иракийн нийслэл Багдадад явуулсан цэргийн ажиллагааны үеэр Ройтерс мэдээллийн агентлагийн 2 ажилтан болон хэдэн 10 хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.