Ментор

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Нэгэн залуу үйлдвэрт ажилладаг байжээ. Түүний ментор гэх ахимаг насны нэгэн техникч түүнд бага ярьж их хийхийг, үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаатай холбоотой ур чадвараа зогсолтгүй хөгжүүлэхийг захиж сургадаг байв. 10 жилийн дараа ахмад техникч тэтгэвэртэй гарч арыг нь орлон нөгөө залуу техникч болов.

Тэрээр багшийнхаа зааж сургасны дагуу аливаа ажлыг нягт нямбай, сэтгэлээсээ хийдэг байлаа. Нэгэн өдөр мань хүн ментор дээрээ зочилж очив. Хөгшин эр түүнийг жаахан сэтгэл гонсгор, ямар нэг зүйлд сэтгэл тавгүй байгаа болохыг нь анзаараад учрыг нь асуулаа. Залуу санаа алдсанаа сэтгэлээ уудлав. "Энэ он жилүүдэд яг л таны өгсөн зааварчилгааны дагуу ажиллалаа. Би юу ч хийлээ гэсэн түүндээ анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг. Би сайн ажиллаж байгаа гэдгээ мэддэг.

Сурч болох бүх ур чадварыг сурсан. Гэтэл, надад нэг ойлгохгүй зүйл байна. Миний ур чадварын хаана ч хүрэхгүй залуус бүгд л албан тушаал дэвшиж байхад би бахь байдгаараа таны дагалдан байсан үедээ авч байсан цалинтай бараг дүйцэхүйц бага хөлс авч байна” гэж залууг учирлахад өвгөн:

“Чи үйлдвэрийн хувьд маш их хэрэгтэй хүн болсон гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж асуув. Залуу ч “тийм” л гэлээ. Хөгшин эр нааш цааш нилээн холхиж байснаа залууд дөхөж ирээд “Ямар ч хамаагүй шалтгаанаар маргааш чөлөө ав. Чи өөртөө нэг амралт, завсарлага авах цаг нь болсон бололтой” гэлээ. Анхандаа гайхсан ч багшийнх нь үг ортой санагдав. Баярласнаа илэрхийлээд чөлөө гуйхаар яаравчлан гарч одлоо. Чөлөө авсан өдрийн маргааш ажилдаа ирэхэд Менежер нь өрөөндөө түүнийг дуудаад “Өчигдөр чамайг эзгүйд байдал сайнгүй байлаа.

Чиний эвлэгхэн хийчихдэг ажлыг хийж чаддаг хүн гэж алга” гэж хэлэв. Төд удалгүй түүний үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгосон Менежер нь залууг “Ахлах Техникч”-ийн албан тушаалд томилоод баяр хүргэж сайн ажиллахыг хүсэв. Менторынхоо ухааныг залуу биширч байлаа. Энэ бол амжилтын нууц юм байна гэдэгт залуу баттай итгэсэн байв. Түүнээс хойш, авах ёстойгоосоо бага авч байна гэж бодох болгондоо нэг өдрийн чөлөө авдаг болов. Маргааш нь ирэхэд нөхцөл байдал түүний таашаалд нийцэхүйцээр сайжирсан байдаг байлаа. Ийм хэв маяг хэдэн сараар үргэлжлэв. Нэг өдөр ажилдаа ирсэн чинь үйлдвэр лүү нэвтрэх эрх нь блоклогдсон байв. Түүнийг ихэд гайхшируулсан зүйл нь түүнийг ажлаас нь халсан явдал байлаа.

Итгэсэнгүй. Юу хийхээ мэдэхээ байсан залуу ментор руугаа эргэж очив. Яагаад бүх зүйл буруугаар эргэв гэдгийг мэдэхийг тэр ихэд хүсч байлаа. “Би яагаад ажлаа алдчихав аа? Би таны хэлснээр хийгээгүй гэж үү?” гэж бахархал л шархадсан дуугаар залуу өвгөнөөс асуув. “Үнэндээ чи тэгсэнгүй. Яагаад гэвэл чи хичээлийн зөвхөн хагасыг нь л сонссон шүү дээ” гэж өвгөн толгой сэгсрэн хариуллаа. “Үргэлж асаалттай байдаг чийдэнд хүмүүс анхаарал хандуулдаггүй гэдгийг чи тэр дор нь ойлгосон.

Унтрахаар нь хүмүүс гэнэт хэтэрхий их найдснаа ойлгодог. Хоёрдох хагасыг нь сонсолгүйгээр чи олж авсан ойлголтоо хэрэгжүүлэхээр яаран сандран гарч одсон шүү дээ” “Хоёрдох хагас аа?” гэж том алдаа гаргаснаа ухаарах мэт залуу сулхан дуугарав. “Хоёрдох хагас нь нэгдэхээсээ илүү чухал. Гэрлийн чийдэн байн байн унтраад байвал эрт орой хэзээ нэгэн цагт илүү найдвартай нэгнээр солих болно гэдгийг ойлгох ойлголт. Найдаж болохгүй чийдэнг хэн хүсэх билээ?” гэж аядуу дуугаар ментор нь хариулав.

С.Эрдэнэбаатар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.