Ээдээгүй сэтгэл

Twitter Print
2016 оны 04-р сар 23-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Түүний сэтгэл нэг л тавгүй. Унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь яг л салхинд хийсэх хамхуул адил алга болж, харин олон жилийн өмнөх дурсахыг хүсдэггүй тэр дурсамж улам бүр сэргэж байлаа. Заяа бослоо. Гал тогооныхоо өрөөнд орж, хүйтэн ус аягалж аваад цонхоор харав. Шөнийн хот аниргүй. Тэргэл саран тэртээ дээрээс өнгийж, аальгүй одод түүнийг шоолж байх шиг санагдав. 

Гэвч “Хөөрхий минь ядарч яваа бололтой. Өмссөн олигтой хувцасгүй, өлөн хоосон л  байх шиг байсан” гэсэн Туяагийн үг түүний толгойд нь байн байн эргэлдэж байлаа. Тэр Батхүүгийн тухай бодох тусам үзэн ядах биш харин өрөвдөж байгаагаа л мэдэж байв. Батхүү гэж түүний анхны хайр. Тэр хүнийг хажуудаа байлгах гэж, хамтдаа амьдрах гэж Заяа нулимсаа ширгэтэл уйлсан. Өөр хүүхэнд хайртай болчихоод өлгийтэй нялх хүүхэдтэй нь хаяад гарсан тэр өдөр ч гэсэн тэр хүрээд л ирэх байх гэж шөнөжин нойргүй хонож байсан. Тэр өдөр Заяагийн хувьд яг л амьдралынх нь сүүлчийн өдөр шиг санагдаж байсныг эргэн дурсав. 

Батхүү тэр үед дүрлэгэр алаг нүдэнд нь хэзээ ч нулимс тогтохгүй юм шиг инээд алдсан дэгжин хүү байж билээ. Олны анхаарлыг үргэлж татаж байдаг тэр хүүтэй хамт байхдаа Заяа хамгийн аз жаргалтай байсан. Хэзээ ч салахгүй юм шиг, бас хэзээ ч хэн хэндээ гомдохгүй юм шиг, хамтдаа л байвал хорвоог бүтнээр нь эргүүлчих юм шиг боддог байсан гэгээн өдрүүд байж билээ.

Залуу хосууд нэг гэрт орж, хүүтэй болсон цагаас хойш Батхүүгийн ааш авир хачин их өөрчлөгдөж билээ. Орой бүр халамцуухан ирэх нөхрөө хүлээж суухдаа Заяа үргэлж муу юм бодон айдаг байсан. 

- Яасан юм бол арай амьтан хүнд цохиулчихаагүй байгаа. Машин тэргэнд дайруулчихсан юм биш биз хэмээн сэтгэл шанална. Түүнийг ирэн иртэл цонх руугаа ширтэж, хөлийн чимээ чагнан хүлээдэг байсан. Үнэндээ Батхүүтэй хамт өнгөрүүлсэн өдрүүд хүлээлтээр дүүрэн өнгөрч, Заяа  согтуу нөхрөө өргөж, тэгнэн оронд нь оруулах гэж хичээж, маргааш нь шарыг нь тайлах гэж бантан хутгаж цагийг бардаг байсан. 

Түүнтэй хамт өнгөрүүлсэн гурван жилийн амьдралыг сайн мэдэх хүмүүс “Охин минь насаа, үр хүүхдээ бод. Наад боловсон төрхтэй архичнаасаа сал” хэмээн ятгадаг байлаа. Заримдаа нөхрийнх нь хэмжээ хязгааргүй архидалт, зугаа цэнгэл түүний амьдралын хоног мөчүүдээс зулгааж байгааг сайн мэддэг ч гэсэн тэр Батхүүг хаяад явж чаддаггүй байв. Үнэндээ Заяа охиноо хараад л “Охиноо муу ч гэсэн аавтай л өсгөчих юмсан” хэмээн боддог байсан хэрэг. 

Амьдралын бүхий л асуудлыг зохицуулах гэж Заяа хэр чадлаараа хичээсэн. Хоолны мөнгө, хувцас хунараа зохицуулж, охиноо цэцэрлэгт зөөх гэдэг ганц хүний нуруун дээр ахадсан ачаа байлаа. Гэвч Батхүү босгож эхлээд орхичихсон амьдралаа өөрөө л нураасан. 

Одоогоос арав гаруй жилийн өмнө намрын хүйтэн үдэш охин нь халуурч, чинэрсэн улаан юм болчихоод эг мадаггүй уйлж, Заяаг сандаргаж билээ. Батхүүг эртхэн ирэх байх хэмээн битүүхэн хүлээж, охиноо тайвшруулах санаатай хэр чадлаараа оролдсон ч халуундаа шаналж, чичрэн уйлах охиноо дуугүй болгож чадсангүй. 

Гар утас руу нь дахин дахин залгасан боловч утсаа авсангүй. Сандарсан бүсгүй 103 руу залгасан ч холбогдож чадахгүй бачимдахдаа охиноо дулаан хөнжилд ороогоод л гарч гүйх нь тэр. Үнэндээ тэр үед харсаар байгаад охиноо алдаж байх шиг л санагдаж, түүний нүдийг нулимс бүрхээд юу ч харж чадахгүй байлаа. Намрын сэрүүхэн шөнө, түнэр харанхуйд нялх хүүхдээ тэврээд гудамж уруудан гүйсэн ч энд тэнд хий гишгэн уначих шахан сандчина. Түүний хөлийн чимээг сонссон хашааны ноход гэнэт хар, хүр хийтэл дайрч, айж сандарсан бүсгүй цочоож даажигнана. Хаа нэгтээ халамцуу эр хашгирах дуу түүний сэтгэлд хурах айдас түгшүүрийг улам их нэмж байлаа. 

Гэвч тэр охиноо энгэртээ нааж, “Бурхан минь, надад туслаач. Ээж минь надад туслаач. Миний охиныг л авраач” хэмээн амандаа шивнэхээс өөр юу ч дуугарч чадахгүй байлаа. Заяа гүйсээр... Төв зам дээр гарч ирсэн ч машин олдсонгүй. Ганц нэгхэн машин зөрж өнгөрөх ч шөнө дунд өлгийтэй хүүхэд тэврэн, айж, даарч, сандарсандаа болоод хувхай цайсан царайтай, үс нь сэгсийж, ядарч туйлдсан бүсгүйг аваад эмнэлэг хүргэж өгөх сайхан сэтгэлтэй хүн ганц ч олдсонгүй. 

Заяа гар утас, түрийвчээ бүгдийг нь гэртээ орхисоноо мэдэж, машмн барих гэж цаг алдах шаардлаггүйгээ сая л мэдэв. Зам дагаж алхсаар... Хичнээн удаан алхснаа ч тэр мэдсэнгүй. Бараг үүр гэгээрч байхад л эмнэлэгийн үүд татлаа. Жижүүрийн эмч нар халуундаа болж таталт өгч байгаа охиныг нь эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсний дараа л шөнөжин охиноо тэвэрч алхсаар гар нь бадайрч, хөлийнх нь ул тэсэхийн аргагүй өвдөж байгааг мэдэн, ядарч, айж сандарсандаа ухаан нь балартан, хана налан гулжисхийн унав. 

 

Нэг л мэдэхэд эмч, сувилагч нар түүнийг тойроод зогсчихсон, өвгөжөөр эмч “Их л ядарч, туйлдсан хүн байна. Ар гэрээс нь хүн дууд, охиныг нь сахих хүн ирсний дараа наад хүүхнээ эмнэлэгт хэвтүүл” хэмээн ярьж байлаа. 

“Охиныг нь сахих хүн хэрэгтэй” гэсэн үгийг сонсоод Заяа “ямар ч байсан хөл дээрээ л босох хэрэгтэй” хэмээн өөрөө өөртөө шивнэж байлаа. 

Эмч нар түүнийг гэрээсээ хүн дууд хэмээн хичнээн ятгасан ч, Заяа хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо туйлдаж, ядарч байсан ч хэн нэгнийг дуудаж, төвөг болохыг хүссэнгүй. Ялангуяа, Батхүү рүү, хүүгээ байнга өмөөрч байдаг хадам ээж рүүгээ утасдахыг бүр ч хүссэнгүй. 

Эмнэлэгээс өглөө бүр өгөх зүсэм талх, хоёр аяга хар цайг охиндоо идүүлж, өдөртөө хоёр удаа олгодог зутан шөлийг ч охиныхоо ам руу хийх гэж яарна. Хамт нэг тасагт хэвтэж байгаа ээжүүд эргэлтийн хоолноосоо илүүчилж, ганц хоёр чихэр өгвөл охиндоо л гэж хадгална. Үнэндээ эмнэлэгт өнгөрүүлсэн арав хоног Батхүүтэй хамт өнгөрүүлсэн гурван жилээс ч урт байлаа. 

Энэ өдрүүдэд түүнийг ганц удаа хайж сурж ирээгүй нөхөртөө цөхөртлөө гомдож байв. Заяа “Ямар ч байсан охиноо аавтай байлгана” гэж урьд нь зөрүүдлэн боддог байсан бол харин тэр үед л “Ямар ч байсан би охиноо хүн шиг хүн болгоно” хэмээн өөрөө өөртөө хатуу хэлж байсан. Ганцаараа байсан ч охиноо өсгөж, хүн болгоно” гэж эрс шийдсэн байлаа. 

Эмнэлэгээс гараад гэртээ иртэл гэр нь яг л бахь байдгаараа. Өнгөрсөн арав хоногийн дотор хэн ч ирээгүй нь илт. Аяганд хийж тавьсан цай тэс хөлдөж, хүйт даасан мөсөн хонгил шиг гэр түүнийг угтаж авав. Хариад сайхан хоол цай хийж, ядаргаагаа гартал сайхан унтаж, охиноо усанд оруулж, тайвшруулна даа хэмээн тэр эмнэлэгт байхдаа мөрөөдөж байсан ч бүх зүйл талаар болох нь тэр. 

Тэр өдрөөс хойш Батхүү эргэж ирсэнгүй. Хамт ажилладаг, өөрөөсөө олон дүү бүсгүйтэй цуг амьдарч байгаа гэдгийг сонсоод Заяа нүдээ ширгэж, дэрээ нэвтэртэл уйлж билээ. Охин нь өвдсөнийг, харанхуй шөнөжин алхаж байж түүнийг эмнэлэгийн бараа харсныг, бас ганц эргэлтгүй, хоосон нойтон хонож, өлмөн зэлмүүн сууж, охиноо асарч байсныг тэр мэдсэнгүй, мэдэхийг ч хүсээгүй гэж бодохоор л Заяагийн нүдийг нулимс бүрхээд, цээжинд нь гомдол зангирч байлаа.

Хамгийн гол нь энэ амьдрал Батхүүд ямар ч үнэгүй байж. Охин нь ч, Заяа ч, толгой хоргодож байсан тоонот гэр нь ч Батхүүгийн хувьд юу ч биш байж гэж бодох л түүнд хамгийн хэцүү байлаа. Үнэндээ тэр үед Заяад охиноос нь өөр юу ч байхгүй, бас түүний охинд ээжээс нь өөр хэн ч байхгүй гэдгийг л Заяа сайн ухаарсан.

Заяа ажлаа сольж, охиноо 24 цагийн цэцэрлэгт өгч, унаж тустлаа ажиллаж байлаа. Нэг дэхь өдрийн өглөө охиноо цэцэрлэгт аваачиж өгөөд тав дахь өдрийн орой авна. Долоо хоногийн хоёрхон өдрийг охинтойгоо өнгөрүүлнэ. Гэвч түүнд үүнээс өөр арга байсангүй. Охиноо санаж, өөрөө нулимсандаа халтартал уйлдаг хэрнээ “Миний охин жаахан л тэсчих. Бүх юм сайхан болно” хэмээн тэр охиноо аргаддаг байлаа. 

Үнэхээр ч тэдний энэ зовлон удаан үргэлжилсэнгүй. Ажилдаа идэвхитэй, хариуцлагатай залуухан бүсгүй хоёрхон жилийн дараа л компанийн гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Тохилог байр сууц, өндөр цалин хангамж, байнгын жолооч, бас гэрийн үйлчлэгч, хамгийн гол нь үргэлж охинтойгоо байх боломж түүнд олдсон. Заяа энэ бүхнийг нэхэн санаад инээмсэглэх гэсэн боловч чадсангүй.

Заяа утсаа шүүрч аван Туяагийн гэрийн утас руу залгалаа. Утсаа авсангүй. Гэвч тэр дахин залгасаар... Олон дахин дуудуулж байж Туяа утсаа авав. 

- Байна уу? Заяа байна хэмээн түүнийг зориг муутайхан дуугарвал Туяагийн нойр сэргэсэн нь илт.

- Хүүе. Зүгээр үү? хэмээн сандран асуулаа. Найз бүсгүйгээ сандаргаж, хар шөнөөр айлын гэр рүү залгасандаа санаа нь зовсон Заяа хэлэх үгээ олж ядан

- Зүгээрээ...Найз нь нэг юм асуух гээд л хэмээн түгдрэв. Туяа

- За асуу л даа. Хамаг нойр сэргээчихлээ. Юу болоод байгаа юм хэмээн эвшээлгэж, төвөгшөөж байгаа нь илт.

- Уучлаарай найзаа. Чи Батхүүтэй хаана таарсан юм хэмээн Заяа зориг муутайхан асуулаа. 

- Өө. Үүнийг асуух гэж л залгасан юм уу? Тэр архичин гар Бөмбөгөрийн архичидтай хамт л явж байна лээ. Загайсан хар архичнаар яах нь вэ? Бүр өвгөнтийн архичин болчихсон байна лээ хэмээн ууртай хэлээд утсаа тасалчихав. Заяад хэлэх ч үг олдсонгүй. 

Тэр жолооч руугаа нэг залгаж үзснээ цагаа хараад болив. Дуудлагын такси дуудаж, Бөмбөгөр нэртэй худалдааны төвийн  ойролцоо очлоо. Хир буртаг болсон хувцастай, хавагнаж, улайсан нүүртэй, халтар хүмүүс шуудайнд хийсэн шил, лааз хуванцар сав тушаахаар энд, тэндээс цуглаж байгааг хараад тэр өөрийн эрхгүй айж байлаа. Тэдэн дунд Батхүүг яваа гэж бодохоос л гол нь харлаж, сэтгэл нь үймэрнэ. Гэвч олсонгүй. 

Энэ өдрөөс хойш Заяа өглөө бүр Бөмбөгөрийн ойролцоо очиж, Батхүүг хайдаг ажилтай болов. Нялх охинтой нь яг л үнсэнд хаясан шалз шиг орхиж явсан тэр эрийн өөдгүй занг мартаагүй ч гэсэн анхны хайр, бас анхны амьдралаа бодохоор Заяа тэсч чадахгүй байлаа. Түүний эрэл мухардаж байсан ч цөхөрсөнгүй. “Өглөө эрт эмчилгээтэй. Би өөрөө машин бариад эмнэлэгт үзүүлчихээд ажил руу очино” хэмээн жолоочоо явуулчихаад хар үүрээр ирж, хог хаягдал цуглуулагч нарыг ирж ажигладаг шинэ ажилтай болов.   

Олон өглөө эрт босож, бас эрэл нь мухардаж байгаад бухимдсан бүсгүй нойроо сэргээх санаатай тамхи асаав. Гэтэл хир даг болсон хувцас, ургаж ширэлдсэн үс, мансуурсан нойрмог нүдтэй эр машины цонх тогшлоо. Заяа нүдэндээ ч итгэсэнгүй. Өнөөх хээнцэр дэгжин, бас өндөр чийрэг, охид хүүхнүүдийн харцыг үргэлж булааж байдаг сайхан эр ийм болтлоо хувирсан гэдэгт үнэндээ итгэхийн ч арга байсангүй. Сандарсан бүсгүй машиныхаа цонхыг нээж

- Сайн байна уу? хэмээн аяархан мэндэлтэл Батхүү гөлийсөн харцаар түүнийг нэвт ширтэснээ

- Хүүхэн гуай тамхиа өгчих хэмээн увайгүй дуугарлаа. Тэр түүнийг огтхон ч танихгүй байгаа нь илт. Заяа хайрцагтай тамхи өгтөл итгэж ядан авч, хэн нэгнээс нуух мэт халаасандаа яаран шургуулснаа 

- Хүүе, нэг мөсөн буян болоод таван зуун төгрөг өгчихөөч. Тэгвэл ч шар тайлах боломжтой л болох гээд байна хэмээн маасайтал инээв. Түүнээс үгжирсэн чийг, өмхий үнэр ханхийж, үүдэн шүдгүй болсон ам нь онгойн харлаж байлаа. Заяа яаран цүнхээ уудлаж, бөөн мөнгө гарган сарвайлвал Батхүү яг л элээ шиг шүүрэн авснаа амандаа юуг ч юм бувтнан эргэж ч харсангүй. Заяа түүний хойноос удаан харав. 

Уг нь тэр охиныхоо аавыг олигтойхон ажил төрөлд оруулж, хүн шиг хүн явуулах юмсан гэж хүсч байсан. Батхүүтэй уулзана, болж өгвөл энэ хар бараан амьдралаас татаад гаргаад ирнэ гэж өөрөө өөртөө найдаж байсан. Гэвч Батхүү түүнийг огтхон ч таньсангүй. Хэдхэн жилийн өмнө татаад хаядаг тамхины иш шиг, уугаад чулуудчихдаг архины шил шиг орхиод явсан эхнэрээ тэр оноож ч харж чадсангүй. 

Заяа урамгүйхэн буцаж явлаа. Өнгөрсөн арав гаруй жилийн өмнөх бараан дурсамжуудаас тэр гэрэл гэгээтэй бүхнийг өөртөө хадгалж явсан. Тийм ч учраас Заяагийн итгэл, сэтгэл ээдээгүй. Харин Батхүү бүгдийг мартаж, нүд нь хүртэл булингартсан байв. Түүнийг эрж, хайх хэрэггүй байж. Ёроолгүй саванд ус ч хийсэн, алт ч хийсэн тогтдоггүйтэй адил сэтгэлгүй хүнд ой ухааныг нь сэргээх дурсамж хүртэл үлдэггүй гэдгийг бүсгүй сая л ойлгов.

Б.Цоожчулуунцэцэг, Хөх эгшиг” өгүүллэгийн номноос...

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Karson

      (188.143.232.32) 2016-11-18 12:43
      • 0
      • 0

      Whoever wrote this, you know how to make a good arlteic.

      Хариулах

    • Doris

      (41.220.69.120) 2014-07-25 15:16
      • 0
      • 0

      БУЦАХ надад миний нөхөр АВЧРАХ хувьд та DR IREDIA БАЯРЛАЛАА. Ай!! Энэ нь мэдээж сэтгэл сэрдхийлгэм болон жинхэнэ гэрчлэл юм. Би 2014 оны зургадугаар сарын 20-ны өдрийн дээр интернет энд Хэлэлцүүлгээ очиж, би хэлэлцүүлэгт DR IREDIA гэж нэрлэдэг энэхүү хүчирхэг, агуу их алдаа Кастер гайхамшигтай гэрчлэлийг олж харжээ. Би сонссон ч өмнө нь ид шидийн талаар ямар нэгэн зүйл сурсан ч учраас би үүнийг хэзээ ч итгэдэг. DR IREDIA миний төлөө үүнийг хийж, над дээр эргэн 8 жилийн хугацаанд Гэр бүлийн амьдралаа сэргээж, мөн 24 цагийн дотор над руу эргэж эхнэр авчирсан он хүртэл нэг ч бодгаль би уншиж шиг ид шидийн дэвшүүлсэн тухай маань намайг нөлөөлж чадах байсан биз ээ интернэт. Миний нөхөр уучилж, намайг түүнийг буцааж хүлээн авах гуйн өвдөг сөгдөн байхад би үнэхээр гайхан цочирдож болон цочирдсон байсан юм. Би илэрхийллүүдийн үнэхээр богино байна, мөн би DR IREDIA та нарт талархал дамжуулахыг хэр их сайн мэдэхгүй. Та надад болон миний бүх гэр бүлд илгээсэн нь Бурхан юм. Мөн эдүгээ би дахин нэ

      Хариулах

    • Adiya

      (103.9.89.222) 2014-07-18 22:15
      • 0
      • 0

      edeeegui setgel taalagdlla odoo ued ehner huuhdee zaluuhan huneer soliod ne bathuu shig bolson hun zondooo mon arhi huniig tanihiin arggagui bolgoj monl tenemel bolgodog shuu dee

      Хариулах