
Мароккогийн Хаант улсад өнгөрсөн баасан гарагийн орой болсон 6. 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 2122-т хүрч, 2400 гаруй хүн гэмтэл бэртэл авчээ.
Нийслэл Марракеш хотоос баруун өмнөд зүгт 72 км зайд бүртгэгдсэн тус газар хөдлөлтийн улмаас Атласын нуруудын бүс нутагт байрлах зарим тосгод хөрстэй тэгширсэн байна.
Түүнээс гадна өнгөрсөн ням гарагт тус бүс нутагт 4.5 магнитудын хүчтэй чичирхийлэл бүртгэгджээ.
Мароккогийн онцгой байдлын аврагчид, зэвсэгт хүчний албан хаагчид нурангин доороос амь үлдэгсдийг гаргахаар цаг нартай уралдаж байна. Түүнээс гадна зарим тосгодод хүрэх зам муу байгаагаас аврах ажиллагаа оройтож эхэлсэн, амьд гарсан иргэд нурангийг гараараа ухаж байгаа талаар албаны хүмүүс мэдэгджээ.
Байгалийн гамшигт өртсөн Мароккогийн ард түмэнд гадаадын улс орнууд тусламжийн гараа сунгахад бэлэн байгаагаа илэрхийлсээр байна.
Испаний зүгээс онцгой байдлын 86 албан хаагчаа, эрэлч нохдын хамт илгээсэн байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Маргарита Роблс, "Гамшгийн дараа байшин барилгуудын нурангин доор хүмүүс гацсан тохиолдолд эхний хэдэн цаг хамгийн чухал байдгийг бүгд мэднэ. Тийм учраас бид хэрэгцээтэй шаардлагатай гэсэн бүхнийг илгээх болно." хэмээн мэдэгджээ.
Испаниас гадна Марокко Их Британи, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 3 улсаас албан ёсоор тусламж дэмжлэг авч буйгаа зарласан байна.
Мароккотой дипломат харилцаагаа тасалсан хөрш Алжир улсын зүгээс хүмүүнлэгийн тусламж, шархдсан иргэдийг тээвэрлэж байгаа онгоцнуудад агаарын бүсээр нь зорчихыг зөвшөөрсөн байна.
Газар хөдлөлтийн үеэр НҮБ-ын Дэлхийн өвд бүртгэлтэй Марракеш хотын хуучин байшин барилгууд нурсан байна.
Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгийн Каролин Холт Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "нурангин доор гацсан иргэдийг олж аврахад ирэх 2, 3 өдөр хамгийн чухал" байх болно гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.