Инфляци өссөнд бүгд буруутай

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Наадмын өдрүүдэд  америк долларын ханш 1846 төгрөгт хүрэв. Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээнээс харахад үүнтэй зэрэгцээд инфляци улсын хэмжээнд 14.6, Улаанбаатарын хэмжээнд 15 хувьтай гарчээ.

Уг нь инфляцийг нэгэн оронтой тоонд барихаар Монголбанк ам авсан бол "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног"-ийн хүрээнд  ам.долларын ханшийг тогтворжуулахаа Засгийн газар амласан. Харамсалтай нь, статистикчдийн хийсэн судалгаа, дотоодын зах зээлд дэх долларын ханшаас харахад аль аль нь биелэх төлөвлөгөө талаар болов бололтой.

Монгол Улсын нийгэм эдийн засгийн талаарх хагас жилийн тайлангаас харахад инфляцийн  заналхийлэл улам нэмэгдэх магадлалтай, Дэлхийн банкны зөвлөснөөр төсөв мөнгөний хатуу бодлого рүү түлхэж болзошгүй байдал нэгэнтээ үүсээд байгаа юм. Мэдээж, энэ тохиолдолд зээлийн хүү өсч, хичнээн хүн ажлын байраа алдах нь тодорхой бус. Банкны салбар дахь чанаргүй зээл 567 тэрбумд хүрч, төсөв  алдагдал 240 тэрбумаар хэмжигдэж байна.

Төсөв алдагдалтай гарах нь тодорхой, хөрөнгө оруулалт тэг, нүүрсний экспортын орлого мөн тэг, доллар орж ирэх ихэнх нүх суваг нь царцчихсан энэ үед төсөв ийм хэмжээний алдагдалтай байгаа нь их юм.  Эндээс харахад төсвийн урсгал зардлын 60 орчим хувь нь  төрийн албан хаагчдын цалин хангамж, бусад зардалд зарцуулагддаг гэвэл  дарга нарын унадаг бандгар жипүүдийг жагсалтаас хасах, төсөвт ирэх цалин хангамжийг багасгах, өөрөөр хэлбэл, шаардлагагүй албан хаагчдийн цөөлөх замаар хямралыг давах бол болохоо байлаа гэдгийг статистикийн мэдээ ч анхааруулж байна. 

Статистикийн тайланд дурьдсанаар бол татварын байцаагчид сайн ажиллаж байгаа нь илт.  Сүүлийн саруудад татварын байцаагчдын хяналт ширүүссэн, ажил явуулахад бэрх байгаа талаар хувийн хэвшлийнхэн гомдоллож буй.  Аргагүй биз өм цөм дутсан төсвийг нөхөхийг тулд татварынхан муу, сайн аргаа чамгүй ашиглаж байгаа биз.  Хөрөнгө оруулалт багасч, төсвийн гол орлогууд дундарч, нүүрснийхэн тэг зогсолт хийсэн атал татварын орлого өмнөх жилийнхээс 150 тэрбум буюу 6.9 дахин нэмэгдсэн нь татварын байцаагчдын авъяас гэж дүгнэхээс өөрөөр яах билээ.  Гэхдээ мэдээж хар зах зээлд эргэлдэж буй, татвараас нуугдсан хэдэн тэрбум долларыг ил гаргасан гэж эндүүрэх хэрэггүй.

Хууль нь батлагдаагүй тохиолдолд гудсан дор нуусан мөнгөө гаргаад өгөх хүн байхгүй.  Татварын орлогын бүрдүүлэлтийг харахад аж ахуйн нэгжийн орлогын татвар буурчээ.  Дотоодын бараа үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл, гадаад худалдааны татварын орлого нэмэгдсэн нь нийт татвар нэмэхтэй гарахад нөлөөлсөн бололтой.  Төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш тавдугаар сард 1.6, зургадугаар сард 0.6 хувиар суларсан нь инфляцид сөргөөр нөлөөлсөн бололтой. 

Инфляцийн хувь хэмжээг тооцдог  329 барааны  32 хувь, голдоо иргэдийн өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь эдийн засагт том дарамт болж байгаа нь илэрхий. Инфляци өсөх нь борчуудад таагүй болохоор баячуудыни халаасан дахь мөнгийг хэд дахин үржүүлж өгдөг гол зэвсэг нь.  Чухамдаа бол инфляцийн дарамт “талх таллаж авах” хэмжээний амьдралтай эмзэг бүлгийнхэнд хүндээр тусдаг. Хамгийн том ачаалал тэдний нуруун дээр буудаг гэж хэлж болно. Гэхдээ статистикчид инфляци 15 хувьтай гарсан гэдгийг хэлж буй болохоос эдийн засагчдын хувьд инфляци үүнээс өндөр хувьтай байх магадлалтайг хэлдэг.

Инфляци өсөхөд хүргэсэн хамгийн том шалтгаан бол төгрөгийн уналт. Өнгөрсөн зунаас эхэлсэн төгрөгийн уналт үргэлжилсээр, одоо  намрын урт халуун өдрүүдэд үргэжлэх төлөвтэй байна. Хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд наадмын дараагаас ханшийн савалгаа үүсдэг, наадмын тав хоногт  дөрвөн төгрөгөөр өснө гэдэг өндөр үзүүлэлт. Аргагүй биз, дэд бүтэц нь байхгүй, хөрөнгө оруулагчдаа хөөж туугаад зүгээр суулгадаггүй улс төржих дуртай улсуудад хэн мөнгө өгөх билээ.   Тийм учраас л долларын ханш хөөрч, инфляцийн хазаар алдагдсанд  хууль батлагчид, бодлого боловсруулагчид,  улстөрчид, эх орончид бүгдээрээ буртай. Ингэхэд инфляцийн өсөлт, долларын хаанчлалыг хязгаарлах хамгийн эхний арга нь төсөв мөнгөнийхөө бодлогыг чангатгах. Энэ тохиолдолд хичнээн хүн ажлаа алдахыг таашгүй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.