Монгол орны газар нутгийн 72 хувь нь цөлжилтөнд өртжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 16-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Цөлжилт. Энэ үг дэлхий нийтэд хадны мангаа шиг сонсогдсоор удаж байна. Цөлжилт газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг  дэлхийн эх газрын нийт нутгийн 42 хувийг эзлэх болжээ. Өдгөө цөлжсөн бүс нутагт 1,5 тэрбум хүн  оршин  сууж  байгаа  гэсэн статистик  байна.

Тиймээс дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг болсон  нь зургаадугаар сарын 17 буюу өчигдөр  байлаа. Газар нутаг цөлжсөнөөс үүдсэн эдийн засгийн хохирол дэлхий даяар 42 тэрбум ам.долларт хүрэх болсон гэж үзжээ. Нийтдээ 110 оронд цөлжилтийн аюул нүүрлэж байгаа мэдээлэл байгаа юм. Тиймээс газрын доройтлын эсрэг улс орнуудын дуу хоолой улам хүчтэй болсоор байна.

Эрс тэс, хуурай уур амьсгалтай Монгол Улс цөлжилтэд хүчтэй нэрвэгдэж  буй оронд  тооцогдоно. Монгол орон газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бүс нутагт хамрагддагийн улмаас ган цөлжилтөнд нэрвэгдсээр иржээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн 60 жилд Монгол орны агаарын жилийн дундаж температур 1.56 хэмээр нэмэгдсэн байна.

Судалгаанаас үзэхэд манай орны нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, нутгийн 50 хувиас илүү хэсгийг хамарсан ган 4-5 жилд нэг  удаа тохиодог бөгөөд тал хээр, говийн бүсийн  нутгаар шороон шуургатай өдрийн тоо өнөө үед 1960 оныхтой харьцуулахад 3-4 дахин өссөн тухай албаны тоон мэдээлэлд дурджээ.

Монгол улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орж, Цөлжилттэй тэмцэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2003 онд Засгийн газрын  141-р тогтоолоор “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчилсэн юм. Бидний хувьд хөтөлбөр, хууль  батлахаар өөрөөр цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй өнөөг хүрч байгаа гэхэд болно.

Харин Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах” төсөл, НҮБ, Голландын Засгийн газрын санхүүжилттэй “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент” төсөл, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй “Ногоон хэрэм” зэрэгт гаднын төслийн хүрээнд элсний  нүүдлийг зогсооход  чиглэсэн чамлахааргүй ажлыг  хийж  монголчуудад танил  болсныг дурдах хэрэгтэй.

БОНХ-ийн сайд С.Оюуны мэдэгдсэнээр өнөөгийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 72 хувь  нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртжээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор манай газар нутгийн 90 орчим хувь  нь эмзэг бүс нутагт хамрагдаж байгаа аж. Тиймээс цаашид  цөлжилттэй улам бүр идэвхитэй, бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй гэдгийг салбарын сайд нь онцолж байна.

Манай улс 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг УИХ-аар батласан ч бодит ажил хэрэг болгосон нь ховор хэвээр дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг долоо дахь жилдээ тэмдэглэн  өнгөрүүллээ.

www.ikon.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.