Ажлын байранд бэлгийн дарамт үзүүлбэл сая төгрөгөөр торгох хуулийн төсөл дэмжигдлээ

Twitter Print
2020 оны 01-р сар 03-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм.

Тухайлбал, ажлын хэсгийнхнээс Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг үг үйлдлээр илэрхийлсэн бол нэг сая төгрөгөөр торгох зохицуулалт нэмэх санал гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүд санал хэлэв.

О.Баасанхүү:

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хуульд оруулсан гэж бодсон. Гэтэл буцаагаад Зөрчлийн хуульд оруулсан байна. Хүчингийн гэмт хэрэг өссөөр байна. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг бол аймшигтай ойлголт. Бусад улсад энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хэргээр шийдээд явдаг. Хандлагын зөрчлөөр, харьцааг нь эрүүгээр оруулъя гэж болохгүй. Уг нь хандлага, харьцаа бол нэг зүйл юм. Хууль гарч болно. Гол нь нөхцөл бүрдээгүй хууль гарвал ард түмэнд дарамт болно.

Ц.Цогзолмаа:

-Нийгмийн бүрдүүлж буй иргэдийн ёс зүй, ёс суртахууныг өндөр зэрэгт байлгах зохицуулалт тусгах шаардлагатай. Гаргаж болохгүй ёс зүйн хэм хэмжээг торгоод л өнгөрөх нь хэр зүйтэй вэ гэдгээ бодох хэрэгтэй байна. Үг, үйлдэл, хандлага нэг цогц байх ёстой гэж бодож байна.

Н.Оюундарь:

-Хуулийн төсөлд анх 50 мянган төгрөгөөр торгоно гэж байснаа дараа нь 100 мянган төгрөгөөр торгохоор оруулж ирсэн. Одоо ажлын хэсгийнхэн нэг сая төгрөгөөр торгоно гэж оруулж ирлээ. Бид хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй байна. Мөнгөнөөс илүү хүний нэр хүнд чухал. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85-90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Дэлхий даяар ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг тэмцэж байхад монголчууд бид яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ. Хүний алдар хүндийг нэг сая төгрөгөөр торгоод л дуусгана гэж байна. Энэ торгууль чамлалтай байна.

Х.Нямбаатар:

-О.Баасанхүү гишүүн уг нь ажлын хэсэгт орсон шүү дээ. Гэтэл нэг ч удаа хуралдаа ирээгүй. Хэрэв илэрхийллээ үйлдэл болгосон, ажлын байрны дарамт үүсгээд хүчиндсэн бол Эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ гэж ажлын хэсгийнхэн ярьсан. Ажил олгогч нь хандлагаа өөрчилж, хөдөлмөрийн дотоод журамдаа тогтоох хэрэгтэй. Бид ажил дээрээ нэгнээ тоглоом, шоглоомоор үйлдэл үзүүлдэг. Энэ бүхэн ажлын байрны хүчирхийлэл болно гэдгийг ойлгох ёстой.

Ийнхүү асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад ажлын хэсгийнхний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.