
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин нар өнгөрсөн лхагва гарагт цахим уулзалт хийжээ.
Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд ОХУ болон БНХАУ хамтдаа хоёр улсын аюулгүй байдлын ашиг сонирхлыг харилцан хамгаалахаа мэдэгдэж, дотоод асуудалд нь барууны улс орнууд хөндлөнгөөс оролцохыг оролдож буй явдлыг хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Найман өдрийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мөн адил цахим уулзалт хийсэн билээ.
В. Путин, Си Жиньпин нарын уулзалтын үеэр барууны улс орнуудын эсрэг байр суурь хэрхэн Москва болон Бээжингийн харилцааг ойртуулж байгааг харж болохоор байлаа. Синьхуа агентлагийн мэдээлснээр уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, "Өнөөдрийн байдлаар олон улсын зарим нэг хүчнүүд "ардчилал, хүний эрх"-ийн нэрийг барьж ОХУ болон БНХАУ-ын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцож, олон улсын хууль журам, олон улсын харилцааны норм норматив зэргийг бүдүүлгээр зөрчиж байна.
БНХАУ болон ОХУ хоёр улсынхаа аюулгүй байдлын ашиг сонирхлыг илүү үр дүнтэйгээр хамгаалахын тулд хүчээ нэгтгэх хэрэгтэй байна." хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч В. Путины туслах Юрий Ушаковын мэдээлснээр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин В. Путины Барууны орнуудаас аюулгүй байдлын баталгаа шаардаж буй явдлыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Түүнээс гадна хоёр улсын төрийн тэргүүнүүд шинээр цэргийн эвслүүд үүсч буй явдалд таатай бус хандаж байгаагаа илэрхийлсэн ба үүнд Австрали, Их Британи, АНУ-ын хамтран байгуулсан AUKUS холбоо, Австрали, Энэтхэг, Япон, АНУ-ын хамтран байгуулсан Quad буюу Аюулгүй байдлын Дөрвөн талт хэлэлцээрийн холбоо зэрэг багтах аж.
Хоёр улсын барууны орнуудтай тогтоосон харилцаа сүүлийн жилүүдэд хурцдаад байгаа билээ. Барууны орнууд Бээжинг шашны цөөнх уйгурчуудыг хомроглон устгаж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн буруутгаж, ОХУ-ыг Украин улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж байна хэмээн үзэж байгаа билээ.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр улсын худалдааны эргэлт энэ онд 31 хувиар өсч, 123 тэрбум ам. долларт хүрсэн болохыг онцолсон ба хоёр улсын төрийн тэргүүнүүд худалдааны эргэлтийг 200 тэрбум ам. долларт хүргэх зорилт тавьжээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгч В. Путин БНХАУ Оросын Спутник-Ви, Спутник лайт коронавирусын эсрэг вакцины олон улс дахь гол үйлдвэрлэгч болж буй явдлыг онцлон, ОХУ Хятадын 6 компанитай 150 сая гаруй тун вакцин үйлдвэрлэх гэрээ байгуулсан болохыг дурджээ. Мөн Владимир Путин ирэх 2-р сард Бээжингийн Өвлийн Олимпын наадмын үеэр Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.