Барууны хориг ОХУ-ын эдийн засгийг улам илүү сайжруулж, хүчирхэгжүүлсэн гэлээ

Twitter Print
2023 оны 07-р сар 05-нд 13:51 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустинтэй хийсэн уулзалтынхаа үеэр Оросын эдийн засаг тооцоолсноос илүү сайжирч байна хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Одоогийн байдлаар манай үзүүлэлт хүлээлтээс илүү, тооцоолсноос сайн байна. Энэ нь бид тавьсан зорилтууддаа хүрнэ гэх итгэл найдварыг төрүүлж байна." хэмээн онцолсон байна.

Ерөнхий сайд М. Мишустин ОХУ-ын төрийн тэргүүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Оросын эдийн засаг барууны хоригуудыг үл харгалзан "тогтвортой сэргэсээр" байгаа, өнгөрсөн 5-р сарын байдлаар ОХУ-ын ДНБ 0.6 хувиар өссөн хэмээн мэдэгджээ.

Өмнө нь Ерөнхийлөгч В. Путин Оросын эдийн засаг хүнд үеэ давж, 2022 оны 2-дахь хагасаас өсөж эхэлсэн хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэрээр мягмар гарагт эхэлсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтанд хэлсэн үгэндээ ОХУ барууны хоригуудыг эсэргүүцсээр байх болно гэдгийг онцолсон байна. Вагнер группын зохион байгуулсан бослогоос хойш анх удаагаа олон улсын чуулга уулзалтанд оролцсон тэрээр, "Орос улс гадны улс орнуудын тогтоосон хоригууд, дарамт шахалт, өдөөн хатгалтыг үл харгалзан өмнөхөөсөө ч хурдацтай хөгжиж байгаа." хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр өнгөрсөн сард ОХУ-д болсон бослогын тухайд, "ОХУ-ын засгийн газрын зүгээс үндсэн хуульд заасан эмх журам, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахад дэмжлэгээ илэрхийлсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын орнуудад талархлаа илэрхийлж байна." гэжээ.

Түүнчлэн В. Путин ОХУ, Хятад хоорондын худалдааны 80 гаруй хувь оросын рубль болон хятадын юаниар хийгдэж байгааг онцолж, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын бусад гишүүн орнуудыг уг жишгийг дагахыг уриалсан байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.