
Эх орны минь зоригт хөвгүүн, энэ цагийн Монгол бадарчин, профессор Амай /Ж.Золбаяр/ яг одоо бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. Манай улсын хамгийн ачаалалтай эмнэлгүүдийн нэг 1-р эмнэлгийн чадварлаг эмч нар Амайг минь тойрон амьдрал бэлэглэхээр хөдөлмөрлөж буй.
Ижий, аавдаа "Зүгээр дээ, битгий санаа зов. Хүү нь удахгүй инээгээд л гараад ирнэ" хэмээн далласаар хагалгаанд орсон Амайтайгаа олон олон шинэ жил хамт угтахын төлөө залбирцгаая, Монголчууд аа. Ажил, гэр, сургуулийн тэнхим, хот, хөдөө, гадаад дотоод гээд хаа байгаа газраасаа Амайдаа амжилтыг ерөөн залбираарай.
Та нарын минь нэгдсэн чин сэтгэлийн залбирлын эрчим Амайд минь амь нас, хурдан тэнхрэл, олон жил ус уух хувь заяа бэлэглэх нь дамжиггүй. Энэ л цэнхэрхэн дэлхийн 89 оронд үүргэвчээ үүрч очсон, эгэл жирийн багш хүний хөвгүүн Амай минь улс болгоны тэнгэрт алтан соёмбот далбаагаа шинэ цагт хамгийн анх зам гарган мандуулсан Монгол бадарчин билээ.
Өвчинтэйгээ удаан тэмцэж, сэтгэлээр өчүүхэн ч унаагүй чиний чин зориг, хүнд өвчтэй ч ном ботиудаа үргэлжлүүлэн хийж, мянга мянган хүүхэд залуусын оюун санаанд хөрөнгө оруулалт хийсэн өдөр хоногуудын үр дүн гарах нь дамжиггүй. Чи минь хөл дээрээ хурдан босч ирээрэй. Мөн Амайгийн аав, соён гэгээрүүлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-т 45 жил багшилсан, миний багш Ц.Жамбалсүрэн, Амайгийн ижий, монголын хамгийн мундаг эмэгтэйчүүдийн нэг Н.Оюунчимэг эгч хоёртоо баярлаад баршгүй. Сүүлийн жилүүдэд үрийнхээ төлөө л амьдарсан гайхамшигт ижий, аав нар билээ.
Багшилсан цалин бүрээ хүүгийнхээ араас шууданд хийж байсан агуу аав, үрээ мөрөөдөлд нь хүргэхээр зориг шулуудсан гайхамшигт ээж... Энэ хагалгаа төлөвлөгөөт биш гэнэтийн байсан учраас мөнгө төгрөг ч сайн бэлдэж чадаагүй байсан даа та хэд минь. Ямартаа ч 20 гаруй сая төгрөг болдог сурагтай. Үүнийг нь Амайг хайрладаг бүх хүнд нуулгүй дамжуулья. Мөнх тэнгэр ивээг.
Сэтгүүлч Ш.Хишигсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.