
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор Киев ОХУ-тай бүх талаараа харилцаа холбоогоо хязгаарлах бодлого баримталж байгаатай холбоотойгоор Украины парламент Орос ном, дуу хөгжмийг хориглох тухай хуулийн хоёр төслийг баталжээ.
Нэг хуульд нь ОХУ-ын иргэншлээ сольж, Украин улсын иргэн болохоос нааш ОХУ-ын иргэншилтэй хүний номыг хэвлэхийг хориглох тухай тусгасан ба хоригт Зөвлөлт Холбоот улс бутарснаас хойш буюу 1991 оноос хойш ОХУ-ын иргэншилтэй болсон иргэд хамаарах аж.
Түүнчлэн ОХУ, Беларусь болон ОХУ-ын хяналтанд байгаа Украины бүс нутагт хэвлэгдсэн номын импортыг хориглосон ба өөр бусад оронд хэвлэгдсэн орос хэл дээрх номыг Украин руу импортлохын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой болжээ.
Нөгөө хуулийн төсөлд нь 1991 оноос хойш ОХУ-ын иргэншилтэй болсон оросуудын дуу хөгжмийг олон нийтийн зурагт, радиогоор цацах, нийтийн тээвэрт тавих зэргийг хориглож, Украин хэл дээр нэвтрүүлэх контентийн тоог нэмэгдүүлэх тухай тусгажээ.
Дээрх хуулийн төслүүд нь Ерөнхийлөгч Владимир Зеленский гарын үсэг зурсанаар хэрэгжиж эхлэх ба Украины парламентын хоёр танхимын гишүүдийн дэмжлэгийг хүртсэн уг хуулийн төслүүд Украины төрийн тэргүүний дэмжлэгийг хүртэх нь гарцаагүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Украины Соёлын сайд Олександр Ткаченко дээрх хуулийн төслүүдийн ачаар Украины зохиолчид, дуучид хөгжимчдийн бүтээл эх орондоо илүү олон хүнд хүрэх аж.
Украины эрх баригчид оросуудын хэдэн зууны турш хэрэгжүүлж байсан бодлогууд нь Украины мөн чанарыг устгах зорилготой байсан гэж үзэн, Оростой, орос хэлтэй холбоотой бүх зүйлсийг хязгаарлаж байгаа билээ.
Москвагийн зүгээс Украины хэрэгжүүлж буй бодлого нь тус улсад амьдардаг орос хэлээр ярьдаг иргэдийг хавчин дарамтлах оролдлого гэж хэмээн онцолж, ОХУ Украин руу цэргээ оруулсан нь тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.