Дэлхийд ганцхан Монгол наадам өндөрлөлөө

Twitter Print
2014 оны 07-р сар 12-нд 22:21 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт наадамчид аа,

Хүндэт зочид оо,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх газар шимээ дэлгэсэн наран зуны энэ өдрүүдэд Монгол түмэн маань үндэсний их баяр наадмаа өргөн сайхан ёслон тэмдэглэлээ.

Хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, хурц шаламгай барилдлаа. Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань шандас төгс байлаа. Мэргэн харваачид маань ончтой, цэцтэй харвалаа. Даяар монголчуудын үндэсний их баяр наадам бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөлөө. Монгол наадам бол монгол соёлын мөн чанар, мөчир салаа нь юм. Монголын түүх, монгол хүмүүний сэтгэлгээг монгол наадмаас тольдож болдгийг бид харууллаа.

Өнийн түүхээ өнөөгийн ололтоор бататгаж, өрнөх ирээдүйд улам ихийг бүтээх золбоо, зорилго, зориг бидэнд бий. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг нандигнаж, эвийн хүч, Шударга ёсыг эрхэмлэж, үүрэг хариуцлагыг ухамсарлан ухааны тэнхээг шавхан улс Монголоо хөгжүүлэх түүхэн цаг үед амьдарч байгаагаа ямагт санаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.           

Монгол түмний цэнгэл баярын хоймроос ирэх жилийн наадмыг хүлээн энэ жилийн баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя. Монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, эрдэм төгс, хийморь золбоотой байг.          

Та бүхнийг мөнх хөх тэнгэр ивээх болтугай.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.