“Аварга” хүн аваргаараа төрдөг...

Twitter Print
2014 оны 07-р сар 12-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Улсын гарьд П.Сүхбаттай уулзаад дараах бодол төрлөө.

Таван “Д”-гийн эзэн Жигжидийн Мөнхбат нэгэн удаа ингэж хэлж билээ. Ерөөс Монгол бөх байгаагүй бол Монголын төр оршин тогтнохгүй байсан гэдэг. Хүннү гүрэн, Эзэн богд Чингис Хаан, Батмөнх Даян Хаан, Манжийн Хаан, Богд Хаан гээд үеийн үед наадам хийж, бөхөө барилдуулж ирсэн ард түмэн нь Монгол юм. Монголчуудын тусгаар тогтнол,  үндэсний түүхэн соёлын томоохон дархлаа  болж явдаг уламжлалт үндэсний спорт бол Монгол бөх яах аргагүй мөн.  Анх 1921 оны наадмыг “цэргийн наадам” хэмээн ёслон тэмдэглэснээс хойш 92 жилийг ардаа орхижээ.

Тэр цагаас хойш Монгол Үндэсний бөхийн түүхэнд 21 аварга, 46 арслан цолтон тодроод байна. Гэхдээ энэ хугацаанд Монгол Улсын Аварга хэмээх эрхэм алдрыг хүртэх ёстой байсан нэлээд хэдэн бөхчүүдийг хайхрамжгүй эрх мэдэлтнүүдийн буруугаас болж хохироосон тухай энд бичигийг зорилоо. Тухайлбал улсын Арслан цолтой Завхан аймгийн уугуул М.Лхагва, С.Шагж, Төв аймгийн уугуул Л.Чимид, Өвөрхангай аймгийн уугуул О.Аюур, Архангай аймгийн уугуул Б.Банзар нарт Аварга цол хүртэх үндэслэл бий гэдгийг дор дурдья:

Маамын Лхагва /Завхан аймаг Идэр сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1933 онд 10 давж түрүүлсэн. 1931 онд 9 давж үзүүрлэсэн. 1939 онд 8 давж үзүүрлэсэн/

Лувсанмөрийн Чимэд /Төв аймаг Мөнгөнморьт  сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1935 онд 10 давж түрүүлсэн. 1934 онд 9 давж үзүүрлэсэн. 1936 онд 9 давж үзүүрлэсэн/

Санжмятавын Шагж /Завхан аймаг Тосонцэнгэл сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн. /1930 онд 10 давж түрүүлсэн. 1928 онд 9 давж үзүүрлэсэн. 1929 онд 9 давж үзүүрлэсэн/

Ономжавын Аюур /Өвөрхангай аймаг Сант сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. /1928 онд 10 давж түрүүлсэн. 1927 онд 9 давж үзүүрлэсэн/

Баясгахын Банзар /Архангай аймаг Өлзийт сум/:  Улсын Их Баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. /1929 онд 10 давж түрүүлсэн. 1930 онд 9 давж үзүүрлэсэн/

Эдгээр таван бөх “аварга” цол авахад хангалттай үндэслэл бүхий амжилтыг үзүүлснийг та бүхэн харж байна. Харин одоо Дархан аварга, Даян аварга, Улсын Аварга цол хүртээд буй зарим алдарнуудын Улсын Их Баяр наадамд үзүүлсэн амжилтуудыг танилцуулья.

Дархан аварга Шаравын Батсуурь /Говь-Алтай аймаг Жаргалан сум/:  Улсад 2 түрүүлж, 3 үзүүрлэсэн.  /1947, 1948 онуудад 9 даван улсад 2 удаа түрүүлсэн.  1949, 1953, 1957 онуудад 8 давж 3 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар /Төв аймаг Угтаалцайдам сум/:   Улсад 2 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1976, 1986 онуудад 9 даван улсад 2 удаа түрүүлсэн.  1983, 1985 онуудад 8 давж 2 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга Ганжууржавын Самдан /Хэнтий аймаг Баянхутаг сум/:  Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1925 онд 10 давж түрүүлсэн. 1923, 1924 онуудад  2 удаа үзүүрлэсэн/

Улсын аварга Одвогийн Балжинням  /Увс аймаг Наранбулаг сум/:  Улсад 1 түрүүлж, 2 үзүүрлэсэн.  /1991 онд 9 давж түрүүлсэн. 1994 онд 9 давж үзүүрлэсэн. 1989 онд 8 давж үзүүрлэсэн.

Даян аварга Сэрээтэрийн Цэрэн /Булган аймаг Сайхан сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.  /1961 онд 9 давж түрүүлсэн. 1971 онд 8 давж үзүүрлэсэн/

Улсын аварга Жамсрангийн Цэвээнравдан /Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.   /1951 онд 10 давж түрүүлсэн.  1946 онд 9 давж үзүүрлэсэн/

Улсын аварга Чойжилын Бээжин /Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум/:  Улсад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн.  /1970 онд 9 давж түрүүлсэн.  1964 онд 8 давж үзүүрлэсэн/

Үнэхээр 1921 оноос хойш Улсын баяр наадамд өндөр амжилт үзүүлж байсан бөхчүүдийн амжилтыг зүй ёсоор үнэлээгүй байсан тул 1994 онд Монголын үндэсний бөхийн холбоо хуралдаж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Галсанхүүгийн Вандан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ганжууржавын Самдан нарт Монгол Улсын Аварга цолыг нөхөж олгосон нь сайшаалтай боловч яагаад тэдэнтэй адил болон илүү амжилттай байсан дээр дурдсан олон алдартнуудыг гадуурхан өнөөг хүртэл цолыг нь нөхөн олгоогүй байна.

Тухайн үед бөхчүүдэд цолыг нь нөхөн олгосноороо зөв шийдвэр болсон ч Аварга цол хүртэх ёстой дээрх бөхчүүдээс зөвхөн хоёрыг нь онцолж цол олгосон нь одоог хүртэл Монгол түмнийг гайхшруулсаар ирлээ. Ер нь Монгол бөхийн түүхэнд цол олгож байсан эрх мэдэлтнүүд дураараа буюу тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр асуудлыг шийдэж цол олгож байсан нь дараах баримтуудаар тодорхой байна.  1961 онд ес даван түрүүлсэн С.Цэрэн начинд  “онцгой жил” хэмээн Улсын аварга цолыг шууд олгосон бөгөөд С.Цэрэнг 1971 онд найм даван үзүүрлэхэд нь мөн “онцгой жил” хэмээн үзэж Улсын Даян Аварга цолыг шууд олгосон байна.

Мөн 1957 онд аварга цолтой Ш.Батсуурийг найм давж үзүүлэхэд нь /ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ Даян аварга, 1963 онд 6 давахад нь /мөн ямар шалтгаанаар нь тодорхойгүй/ Дархан аварга цолыг олгож  байжээ. Гэхдээ тухайн үеийн нам засгийн тэргүүнүүд олон жил тогтвортой барилдсан гэж үзсэн бололтой. Үүнээс гадна зарим жил үзүүрлэсэн бөхчүүдэд нь Арслан цол олгоод зарим жил нь олгодоггүй сонин зарчим үйлчилж байжээ. Мөн шөвгийн дөрөвт үлдэхэд Арслан цол олгож байсан тохиолдлууд ч бий.  Ийнхүү өгүүлж буйгаараа  тэдгээр цол авсан алдартнуудын цолыг, амжилтыг үгүйсгэсэн хэрэг огт үгүй юм.

МҮБХ-ноос бөхчүүдийн үнэлэгдээгүй амжилтуудыг харгалзан үзэж 1994 онд Галсанхүүгийн Вандан, Ганжууржавын Самдан нарт аварга цол, 1995 онд Одвогийн Балжиннямд улсын аварга цол, Дуламжавын Мөнх-Эрдэнэд Арслан цолыг дүйцүүлэн олгож байсан нь урьд нь амжилт нь үнэлэгдээгүй хохирсон бөхчүүдэд цолыг нь нөхөн олгоход ямар нэгэн харшлах зүйлгүй гэдэг нь тодхоноо харагдаж байна.

Энд нэг тайлбарыг хийхэд нэгэнт бөхийн цолны тухай сөхөн ярьж байгаа бол өнөөгийн Улсын Гарьд цолтнууд буюу Арслан цолоо авч чадахгүй байгаа бөхчүүдийг яагаад дурссангүй гэж хэлж болох юм. Гэхдээ Арслан цол хүртэх магадлалтай гэгдэж буй Пунцагийн Сүхбат /1 удаа 8 давж үзүүрлэсэн, 2 удаа 7 давсан/, Баянмөнхийн Гантогтох /3 удаа 8 давж үзүүрлэсэн/, Цэдэндамбаын Цэрэнпунцаг /2 удаа 8 давсан, 3 удаа 7 давсан/ нарын хувьд 9 даваагүй байгаа учир “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн хүрээнд боломжгүй байгаа юм.

Харин дээр дурдсан Аварга цолоо аваагүй байгаа бөхчүүдийн хувьд “Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль”-ийн болзолыг хангасан байгаа, мөн дээр нь Аварга цол авч байсан бусад бөхчүүдтэй ижил /зарим тохиолдолд бүр илүү/ амжилтыг үзүүлсэн байгаа нь эдгээр бөхчүүдэд Аварга цол олгох ёстойг илтгэж байна. Иймээс дээр дурдсан Аварга цолоо аваагүй байгаа бөхчүүдийн үзүүлсэн амжилтанд Монголын Үндэсний Бөхийн Холбоо, бөх судлаач эрдэмтэн мэргэд, бөхдөө хайртай Монгол түмнийг онцгойлон анхаарлаа хандуулж цолыг нь нөхөн олгох ажилд идэвхийлэн оролцохыг уриалж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.