Хэний хүү наадамд түрүүлэх вэ?

Twitter Print
2014 оны 07-р сар 11-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Өнөө жилийн баяр наадамд хэн түрүүлэх вэ? Энэ асуултыг бүгд нэгнээсээ асууж байгаа нь лавтай. Ардын хувьсгалын 93 жилийн түүхэнд 21 аварга цолтон ээлжлэн түрүүлжээ. Мөн хүчит арслангууд наадмын торгон ногоон дэвжээг чимж явсан аж. 2000 он буюу шинэ зуун гарснаас хойш ардын төрийн их баяр наадамд дархан аврага Г.Өсөхбаяр 4 түрүүлж 1 удаа үзүүрлэсэн бол дархан аварга А.Сүхба 3 түрүүлсэн, улсын аварга Д.Сумъяабазар 1 түрүүлж 4 үзүүрлэсэн, улсын аварга Г.Эрхэмбаяр 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн, улсын арслан Д.Ганхуяг 1 түрүүлж 1 үзүүрлэсэн, улсын аварга С.Мөнхбат 1 түрүүлсэн, улсын арслан Б.Ганбат 1 түрүүлсэн, улсын арслан Х.Мөнхбаатар 1 түрүүлсэн, улсын арслан П.Бүрэнтөгс 1 удаа түрүүлжээ.

Өнөө жилийн наадамд түрүүлэх бөхчүүдийн тухайд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, Д.Рагчаа, Н.Ганбаатар, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, улсын начин Э.Энхбат, Б.Сангисүрэн, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар дээгүүр барилдаж түрүүлж үзүүрлэн шөвгөрөх нь гарцаагүй. Мөн хэдхэн хоногийн өмнө дархан аварга цолоо гардан авсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр болон шинэ залуу бөхчүүд шөвгөрч наадах байх.

Улсын залуу заан Ч.Санжаадамбыг наадмын одгүй бөх гэдэг. Энэ ч оргүй үг биш. Цагаан сарын барилдаанд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж өөрийгөө хүчтэй бөх гэдгээ харуулсан ч улсын наадамд хэрүүл хийж байж нэг удаа долоо давжээ. Тэрээр өнгөрсөн хаврын барилдаануудад хоёр удаа л шөвгөрч чадаагүй бусад барилдаанд дээгүүр даваанд үлдсэн.

Залуу аварга С.Мөнхбат сүүлийн зургаан сар болсон барилдаануудад хоёр удаа түрүүлж нэг удаа үзүүрлэсэн. Мөн 61 даваанаас 53-т нь давсан байна. Цолны эрэмбээр их шөвгийн дөрөв хүртэл явах байх гэж үзэгчид таамаглаж байгаа билээ.

Сэлэнгэ аймгийн анхны аварга, өнгөрсөн жилийн түрүү бөх Г.Эрхэмбаяр унаа холтой, суурь сайтай бөх аж. Түүнийг наадмын түрүү бөхийн амжилтаа бататгана гэдгийг нь бүгд л хүлээж суугаа.

Улсын гарьд Б.Гончигдамба өнөө жил 29 нас хүрч байгаа. 2013 оны наадамд олон хүчтэй бөхчүүдийг өвдөг сөхрүүлсэн. Үүнээс их шөвгийн дөрөвт улсын аварга С.Мөнхбатыг давсан нь хамгийн онцлох барилдаан юм.

Увс аймгийн Давст сумын уугуул улсын арлсан П.Бүрэнтөгс бэлтгэлээ сайн хийж байгаа гэдгээ мэдэгдсэн. 2012 онд од гийж аймгийн арслангаас шууд улсын арлсан болсон тэрээр заалны барилдаанд бага оролцсон ч наадмын од бөх гэдгээ энэ удаа харуулж дээргүүр даваа хүртэл явах нь мэдээж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.