Коронавирусаар нас барагсадын дийлэнх нь 60-аас дээш насныхан байна

Twitter Print
2020 оны 01-р сар 30-нд 10:12 цагт
Мэдээний зураг,

Бээжингийн өнөөгийн байдал: Хятад улсын Хубэй мужийн Ухань хотод шинэ коронавирусын улмаас уушигны хатгалгаа өвчний улмаас нас баралт өмнөх өдрөөс 37-оор нэмэгдэж 170 болсон байна. Хятадын засгийн газрын мэдээллээр 30-ны шөнө дунд буюу 00 цагийн байдлаар өвчтний тоо 1737 -оор нэмэгдэж 7711 (үүний 1370 нь хүнд тохиолдол) болжээ. Төюдөд эхний тохиолдол бүртгэгдсэнээр халдвар Хятадын бүх нутагт тархсан байдалтай боллоо.

Арабын Нэгдсэн Эмират (АНЭ), Финлянд улсуудад анхны тохиолдлууд бүтгэгдэж Хятадаас гадна 19 улс, бүс нутагт 100 гаруй тохиолдлууд бүртгэгдээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ коронавирус "олон улсын нийтийн эрүүл мэндийн онцгой байдал" эсэхийг тогтоох зорилгоор 1 сарын 30-ны орой (Монголын цагаар) Онцгой байдлын хорооныхоо 3 дахь хурлыг хуралдуулах болсноо зарлаад байна.

Хамгийн хүнд байдалтай байгаа Хубэй мужид нас баралт 162 тохиолдол (үүний 129 тохиолдол нь Уханьд), халдварын тохиолдлын тоо 1032-оор нэмэгдэж 4586 (Ухань 2261) болжээ. Хубэй мужийн удирдлагын хэлснээр халдвар нь мужийн бүх 17 хотод тархсан бөгөөд "бүх газарт эмнэлгийн хангамжийн хомсдол бий болоод байгаа" юм байна.

Шинэ коронавирусын нас баралтын тохиолдлын талаар одоо мэдэгдэж буй зүйл:

-Ихэнх нас барагсад нь 60-аас дээш насныхан байна.

Нөгөө талаар халдвар авсан залуу хүмүүс биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан тохиолдлууд байгаа. Шэньжэний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр энэ сарын 23-ны өдөр 10 настай хүү, 35 настай эрэгтэй биеийн байдал сайжирч эмнэлгээс гаргажээ.

-Халдвараар нас барагсадын ихэнх нь архаг суурь өвчтэй байсан.

Нас барагсдын дийлэнх нь шинэ вирусын халдвар авахаас өмнө чихрийн шижин, цусны даралт гэх мэт эрүүл мэндийн суурь асуудлуудтай буюу эхнээсээ эрүүл мэндээр тааруухан байсан хүмүүс нас баралт өндөр байх шиг байна.

-Нас барахаас өмнө хэдэн долоо хоног эмнэлэгт хэвтсэн хүмүүс нэлээдгүй байсан юм байна.

Нас барсан хүний ​​зарим нь хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэн тохиолдлууд байсан. Энэ шалтгааны улмаас эмнэлгүүд урт хугацааны эмчилгээнд бэлтгэлтэй байх шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.

Британийн "Welcome Trust" эмнэлгийн судалгаа шинжилгээний байгууллагаас "Шинэ вирусын улмаас үүссэн шинж тэмдгүүдийн цар хүрээ маш их анхаарал татаж байна" гэж үзэж байгаа юм байна. Яагаад ингэж үзэж байгаа тухай "Зарим хүмүүст халдварын шинж тэмдэг маш бага, эсвэл огт шинж тэмдэг илрэхгүй байх, заримд нь хүнд байдлаар илэрч байх магадлал их байна. Энэ нь халдвар авсан хүмүүсийн бодит тоо, хүнээс хүнд дамжих халдварын хэмжээг олж мэдэхэд илүү бэрхшээл учруулж болзошгүй юм" гэж тайлбарласан байна.

Ойдовын Батгэрэл

Анагаах ухааны доктор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.