Монгол Улсад 4 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо

Twitter Print
2014 оны 07-р сар 10-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Монгол улс Үндэсний ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах (REDD+) бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүжилтийг НҮБ-ын UN-REDD хөтөлбөрөөс авах боллоо. Манай улсын Засгийн газар Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө UN-REDD хөтөлбөрийн удирдах хорооны хуралдаанд танилцуулах урилгыг 2014 оны дөрөвдүгээр сард хүлээн авсан.

Энэ оны долоодугаар сарын 7-9-ний өдөр Перу улсын нийслэл Лима хотноо болсон UN-REDD Хөтөлбөрийн удирдах хорооны XII хуралдаанд БОНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсын UN-REDD Хөтөлбөрийн улс төрийн хариуцагч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Удирдах хорооны гишүүд Монгол Улсын төлөвлөгөө нь хэрэгжих боломжтой, шаардлага хангасан гэдгийг онцлон тэмдэглээд, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор болов.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци (1992 оны НҮБУАӨСК) болон Киотогийн протоколын (1997) аль алинд нэгдсэн орны хувьд Монгол Улс эдийн засгийн хөгжлийг хангахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх бодит нөлөөний үр дагаварыг бүрэн ухамсарлаж, хүлэмжийн хийг бууруулахын төлөө ажиллаж байна.      

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг ойжуулалтын аргаар бууруулах механизмыг баталж "Хөгжиж байгаа орнууд дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах бодлогын аргачлал, урамшуулал нь тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой’" хэмээн томъёолсон нь “REDD+” хэмээн нэршсэн билээ.

REDD+ нь сайн дурын үндсэн дээр ойн хомсдол, доройтлын түвшнийг сааруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлсний урамшууллыг хөгжиж буй орнуудад олгох явдал юм. 

Монгол Улс нь умардын тайгын ихээхэн талбай бүхий хөгжиж буй орнуудаас ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачилга (НҮБ-ын UN-REDD Хөтөлбөр)-д нэгдсэн анхны улс юм.

Оролцогч бусад 52 орон нь халуун орны ширэнгэн ой бүхий улс орнууд байдаг. Монгол улс REDD+ Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулж, ойн нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлж, хадгалах ихээхэн боломжтой болох юм.

2011 оны 6 дугаар сард Монгол Улс UN-REDD Хөтөлбөрийн түнш орон болж, улмаар REDD+ Бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Үндэсний REDD+ Бэлэн байдлын төлөвлөгөөг үндсэн 6 бүрэлдэхүүн хэсэгтэйгээр боловсруулж, 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар батлуулсан билээ.

Энэхүү бэлэн байдлын төлөвлөгөөний зорилго нь REDD+ бэлэн байдлын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх, (REDD+)ийн нэгдүгээр үе шатанд Үндэсний цогц REDD+ Стратегийг  боловсруулахад оршино. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.