Энэтхэгийн Чандраяан-3 сарны өмнөд туйлд буусан анхны сансрын станц болов

Twitter Print
2023 оны 08-р сар 24-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн Чандраяан-3 сансрын станц сарны өмнө нь судлагдаж байгаагүй өмнөд туйлд буусан анхны сансрын аппарат болсон байна.

Сансрын станц саран дээр амжилттай газардсаны дараа Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага дахь хяналтын өрөө алга ташилт, баярын уухайгаар дүүрчээ.

Уг баярт үйл явдлыг Энэтхэг даяар тэмдэглэж байна. Өмнөд Африкт болж буй БРИКС-ийн чуулга уулзалтанд оролцож байгаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди "Энэтхэг улс саран дээр буулаа! Сансар огторгуй хязгаар биш боллоо." хэмээн мэдэгджээ.

Чандраяан-3 сансрын станц дэлхий рүү хэдийн сарны гадаргуу дээр авсан анхны гэрэл зургуудаа илгээжээ. 6 дугуйт Чандраяан-3 сарнаа явагч нь цаашид сарны гадаргууг судалж, дэлхий рүү гэрэл зургууд болон чухал дата илгээх аж.

Энэтхэг улс саран дээр сансрын станцаа амжилттай газардуулсан 4 дэх улс болж байна. Өмнө нь АНУ, хуучин ЗХУ, БНХАУ саран дээр сансрын станцаа амжилттай газардуулж байжээ.

Сарны өмнөд туйл нь бул чулуу, аварга том тогоонуудаар дүүрсэн нарны гэрэл бараг үздэггүй хэсэг юм. Гэсэн ч уг хэсэгт маш чухал эрдэс бодистойд тооцогддог аж. Хамгийн чухал эрдэс нь ус бөгөөд сүүдэрт байдаг тэдгээр том тогоонуудад мөс байдаг байна. Сарны усыг устөрөгч, хүчилтөрөгч болгон задалснаар нарны аймгийн бусад хэсэг рүү аялахад шаардлагатай ирээдүйн шинэ түлш үүсэх боломжтойг эрдэмтэд онцолжээ.

Түүнээс гадна саран дээрх ус нь сарны үүслийн эхэн үед сарны гадаргуу дээр унасан сансрын чулуунаас үүссэн гэгддэг.

Сарны усыг судалснаар нарны аймгийн үүслийн тухай шинэ ойлголт нэмэгдэх нь гарцаагүй аж.

Энэтхэгийн Чандраяан-3 сансрын станц 6.1 тэрбум рупи буюу 75 сая ам.доллараар боссон бол өнгөрсөн ням гарагт саран дээр унасан ОХУ-ын сарны Луна-25 сансрын станц 200 сая ам.доллараар боссон байжээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.