Ким Жон Уны эхнэр жил гарны дараагаар анх удаагаа олон нийтийн өмнө гарлаа

Twitter Print
2021 оны 02-р сар 17-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Соль Жү жил гарны дараагаар анх удаа олон нийтийн өмнө гарсан талаар Хойд Солонгосын төв телевизээр мэдээлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Ри Соль Жү нөхөр Ким Жон Уны хамтаар Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдөрт зориулсан концертыг үзэж сонирхсон байна. Хойд Солонгосын удирдагчийн гэргий өнгөрсөн жилийн 1-р сараас хойш олон нийтийн өмнө ил гараагүй нь олны анхаарлыг ихээр татаж байсан билээ.

Зарим нь түүнийг эрүүл мэндийн байдлаасаа болж ил гарахгүй байгаа, зарим ньтүүнийг бие давхар болсон хэмээн таамаглаж байсан юм. Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас мэдээлснээр Ри Соль Жү коронавирусын халдвар авахаас сэргийлэн олон хүн цугларсан арга хэмжээнүүдэд оролцохоос зайлсхийж, өнгөрсөн нэг жил гаруйн хугацааг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлсэн аж. Хойд Солонгосын зүгээс тус улсад коронавирусын халдварын тохиолдол илэрсэн эсэх талаар ямар ч мэдээлэл гаргаагүй ч тус улсад уг вирусын халдвар тархаагүй байх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байгаа билээ.

Ким Жон Ун гэргий Ри Соль Жүгийн хамтаар Мансудэ Урлагийн театрт үзэгчдийн суудалд суун, инээмсэглэж буй зураг Хойд Солонгосын хэвлэлд нийтлэгджээ. Зурагнаас үзэгчид амны хаалт зүүгээгүй мөн хоорондоо зай бариагүй нь харагдаж байна. Ёнхап агентлагийн мэдээлж байгаагаар Ким Жон Ун өнгөрсөн даваа гарагт Күмүсаны Нарны ордон дахь аав, болон өвөөгийнхөө шарилд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.