Крым дахин хэзээ ч Украины эзэмшилд очихгүй гэв

Twitter Print
2023 оны 01-р сар 31-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагт Хорватын Ерөнхийлөгч Зоран Миланович улс нь Киевт зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлэхээс татгалзах болсон тухайгаа тайлбарлахдаа 2014 онд ОХУ-д нэгдсэн Крымийн хойг дахин хэзээ ч Украины эзэмшилд очихгүй хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн 12-р сард Хорватын эрх баригчид Европын холбооноос Украины зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэх санаачлагад нэгдэхээс татгалзсан юм. Энэ нь нэг талаараа тус улсын Ерөнхийлөгч Зоран Миланович, Ерөнхий сайд Андрей Пленкович нарын хоорондын зөрчилдөөнийг харуулсан үйл явдал байв.

Ерөнхий сайд А. Пленковичийн хувьд Ерөнхийлөгч З. Милановичийг ОХУ-ын талыг баримтлагч хэмээн тодорхойлж, Хорват улс Украинд тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно гэж энэ сарын эхээр мэдэгдэж байсан билээ.

Ерөнхийлөгч З. Миланович европын орнууд Украинд Германд үйлдвэрлэсэн танкууд илгээснээр ОХУ-ыг БНХАУ-тай улам л ойртуулна хэмээн, "Крымийн хойг дахин хэзээ ч Украины нэг хэсэг болохгүй гэдэг нь тодорхой байна." гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ Украин руу довтолсны дараа украинчууд Крымийн хойгийг эргүүлэн авах болно хэмээн амлалт өгсөн юм.

З. Миланович барууны орнууд олон улсын улс төрийн тавцанд "дабл стандарт" ашиглаж байна хэмээн буруушааж, ОХУ-ын зүгээс Украины газар нутгийг өөрийн улсдаа нэгтгэхдээ НАТО-гийн Косовог тусгаар тогноход хэрхэн нөлөөлсөн болохыг жишээ болгоно гэжээ. Тэрээр, "Бид Сербийн газар нутаг байсан Косовог Серби улсын зөвшөөрөлгүйгээр тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн шүү дээ." хэмээн мэдэгдсэн ба үүгээрээ тусгаар тогтносон Косово улсыг бус Барууны орнуудын "дабл стандарт"-ыг буруушааж буйгаа онцолжээ.

Ерөнхийлөгч З. Милановичийн хувьд Хорватын Социал Демократ намаас дэвшин Хорватын Ерөнхий сайдын албыг хашиж байсан ба Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноосоо хойш Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны адилаар Европын холбооны баримталж буй бодлогын эсрэг байр сууриа илэрхийлж эхэлсэн аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.