Энэ жилийн наадмын гоёл энгийн загвартай дээл

Twitter Print
2014 оны 07-р сар 10-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадам буюу монголчуудын уламжлалт наадам хаяанд иржээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс баярын өдөр үндэсний дээлээрээ гоёхыг илүүд үзэх болсон. Жил жилийн наадмаар олны танил хүмүүсийн гоёл хамгийн их анхаарал татдаг. Үндэсний хувцасны салонууд хэдийнэ наадмын гоёлоо урлаж эхэлжээ. Салонуудад зуны өнгө буюу зонхилох тод өнгийн дээл, монгол цамц, охид хүүхнүүдийн 2014 оны зуны загварын хөнгөн, нимгэн дан дээл ихээхэн борлуулалттай байгаа аж.

Түрүү жил хүннү дээлний загвар зонхилж байсан бол энэ удаа Манжийн үеэс гаралтай гэгдэх захтай монгол дээл моодонд орж байгаа юм байна.

Наадмын гоёлын материалын хувьд хятад торго халаагаа өгч вьетнам торго, сариг илүүд үзэж байгаа гэнэ. Уг материалууд нь хөнгөн, биед эвтэйхэн байдаг аж.

Вьетнам торго хээ нь зуны шинж чанарыг тодотгож дэгжин харагдуулдаг бол сари ч ялгаагүй өнгөний хувьд өргөн сонголттой, завсрын өнгө их байдаг байна.

Ерөнхийдөө өнөө жил номин ногоон өнгө моодонд орж байгаа юм байна. Наадмын гоёлоороо эрчүүд энэтхэг торгыг илүүтэй сонгодог байна. Учир нь цулгай хээгүй материалтай, өнгөний өргөн сонголттойн дээр зарим нь хамелион маягийн өнгөтэй байдаг аж.

Улсын баяраар гэр бүлээрээ хос даавуун дээлээр ижилсэх сонирхолтой болжээ. Дээлний загвар энгийн болсон учраас оёдолчид жижиг чимэг материалаар сампин зангидахыг илүүд үздэг болсон байна. Энэ жилийн наадмын  гоёлд илүү дутуу юмгүй уламжлалт захтай монгол дээл зонхилж байна гэж загвар зохион бүтээгчид дуу нэгтэй хэлж байлаа.

Эрчүүд, хүүхнүүд энгийн загварын дээл өмсөж, дэгжин бүрх малгай, бүс гутлаараа өрсөлдөх болсон байна. Эрчүүдийн хувьд дурдан бүснээс татгалзаж мөнгөн толгойтой ширэн бүс зүүж байгаа ч энэ жилийн наадмын гоёлдоо гяраг бүсийг сонгож байгаа гэнэ. Гяраг бүсний хувьд хятад нь 20-30 мянган төгрөг бол Алтанбулаг уйлдвэрийнх 50-70 мянган төгрөгийн үнэтэй байна.

Бүсгүйчүүдийн загварын дээлийн унэ дунджаар 120-430 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа бол энгийн монгол дээлний хувьд оёдол загвар, материал гээд бүх үнийн дүн багтаад эмэгтэй нь 250-350 мянган төгрөг, эрэгтэй нь 300-450 мянган төгрөгийн хооронд үнэлэгддэг аж. Вьетнам торго өөрөө унэтэй учраас ийм материалаар хийсэн дээл илүү үнэтэй болдог юм байна. 

Д.Золоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.