
Энэ ертөнцийн хамгийн алдар цуут нохой ч байж мэдэх Хачикогийн үүх түүхийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Токиогийн Эзэн Хааны Их Сургуулийн багш Уэно 1924 онд нэгэн гөлөг авч тэжээгээд Хачико нэрийг хайрлажээ. “Тэжээх, тэжээлгэх" гэхээсээ илүү тэр хоёрын харилцаа нэгэн гэр бүлийн хоёр гишүүн, ахан дүүс шиг л байж гэнэ. Уэно багш өдөр бүр Шибуяа буудлаас галт тэргэнд сууж, хичээлдээ явна, эргээд ирэхэд нь Хачико найз нь тосон хүлээгээд л хэвтэж байдаг болов. Жил хагас орчим ингэж эзнээ ажлаас нь тосон авсаар 1925 оны 5-р сарын 21-ний өдөртэй золгожээ.
Энэ өдөр хичээлээ зааж байсан Уэно багшийн тархинд цус харваж, насан өөд болов. Галт тэрэгний буудал дээр хүлээн суух Хачико дээрээ очиж чадсангүй. Гэвч Хачико нь хүлээгээгүй биш, хүлээсэн, бүр горьдлого тасралгүй хүлээсэн.
Тэр өдрөөс хойш бүтэн 9 жил, 9 сар, 15 өдрийн турш, нэг ч өдөр таслалгүйгээр, Хачико чухам Уэногийн суудаг галт тэрэгний зогсдог яг л тэр цагт Шибуяа дээр ирж эзнээ хүлээсэн билээ.
Эхэндээ хүмүүс ойлгохгүй хөөж туудаг байж. Тэгтэл Уэногийн нэг шавь Хачиког галт тэрэгний буудлаас харихад нь дагаж явсаар гэрийг нь олж, учир начрыг нь мэдэж аваад олонд хүргэжээ.
Үүнээс хойш Шибуяа дээр эзнээ хүлээн хэвтэхэд нь хүмүүс энэрэн хайрлаж, хоол унд өгөх болж гэнэ. 1935 оны 3 сарын 8-ны өдөр Хачико эзнээ сүүлчийн удаа горьдон хүлээхээр явж байгаад Шибуяагийн нэгэн гудамжнаа унаад ахин сэрсэнгүй.
Хачико өдгөө үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. Япончууд хотын төвд уулзах болохоороо тэмдэгтэй газар гэж Хачикогийн хөшөөн дээр болздог болжээ.
М.Саруул-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.