
БНСУ-ын засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын цагийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөв залуусын эсэргүүцэлтэй тулжээ. Өмнөд Солонгосын залуус дээрх хуулийн төсөл нь ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг алдагдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж байгаа аж.
БНСУ-ын засгийн газар долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг одоо байгаа 52 цагаас 69 цаг хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ба энэ нь бизнес эрхлэгчдээс одоо мөрдөгдөж байгаа цагийн хязгаар нь хангалтгүй байна гэсэн гомдол ихээр ирдэгтэй холбоотой аж.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хэвлэлийн нарийн бичгийн дарга Ким Ын Хэгийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн Сук Ёл засгийн газрын яам, агентлагуудад уг хуулийн төслөө эргэн харж, " олон нийттэй харилцаа холбоогоо сайжруулах тэр дундаа 80, 90-ээд оны залуус, Z үеийнхний хүсэл сонирхлыг анхааралдаа авч үзэхийг " зөвлөсөн байна. Тэрээр, "Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хөдөлмөрийн зах зээлийн бодлогын гол суурь нь үйлдвэрчний эвлэлүүдэд харъяалагддагүй,жижиг болон дунд бизнесийн байгууллагад ажилладаг залуу үеийнхний эрх болон ашиг сонирхлыг хамгаалах юм." хэмээн онцолжээ.
Дэлхийн бусад өндөр хөгжилтэй улс орнуудад иргэдийн ажил амралтын тэнцвэртэй байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийг бууруулах арга хэмжээ авсаар байгаа ба Их Британид л гэхэд өнгөрсөн жил хэдэн арван компаниуд туршилтаар ажилчдаа долоо хоногийн 4 өдөр ажиллуулсан нь ажилчдын сэтгэл санаа, эрүүл мэнд, ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлж байгаа нь тогтоогджээ.
Өмнөд солонгосчууд 2021 онд дунджаар 1915 цаг ажилласан нь ХБНГУ-ын дунджаас даруй 566 цагаар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн байгууллагад бүртгэлтэй орнуудын дунджаас 199 цагаар тус бүр их байгаа аж. Ажиглагчдын үзэж байгаагаар 2022 онд залуусын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Юн Сук Ёл Ардын хүч нам нь ирэх жил болох парламентын сонгуулиар залуусаас санал их авна гэж найдаж байгаа аж.
2018 онд БНСУ-ын Ардчилсан нам ажлын цагийн дээд хязгаарыг долоо хоногт 52 цаг болгох хуулийн төслийг танилцуулж байсан ба тус нам шинэ хуулийн төсөлд хориг тавина гэдгээ мэдэгджээ.
Түүнээс гадна үйлдвэрчний эвлэлүүд болон сөрөг хүчнийхэн залуусыг илүү олон цаг ажиллуулснаар тус улсад тулгараад буй хүн амын өсөлтийн асуудал улам дордоно гэж үзэж байна.
Нөгөө талаас Хөдөлмөрийн сайд И Жүн Шик долоо хоногт ажиллах цагийг 69 болгох нь эмэгтэйчүүдэд илүү цагаар ажилласнаар дараа нь илүү олон цагийн чөлөө авах боломжтой болно хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Бид эмэгтэйчүүдийн жирэмсний үед болон хүүхэд төрүүлсний дараа ажиллах цагийг бууруулах тухайд хатуу арга хэмжээ авна." хэмээн онцолсон бол Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд дээрх хуулийн төсөл нь хөдөлмөр эрхэлдэг ээжүүдэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: https://www.reuters.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.