
Монголчууд үмхий махны хэрүүлтэй хэд хонов. Хятад улс буруутан гэнэ. Уг нь бурууг монголчууд бид өөрөөсөө эрэх хэрэгтэй санагдана. Хятадын төр нэг муу наймаачинд монголчуудыг очоод хорлоод ир гэж үүрэг өгөөд явуулна гэж юу байхав. Амархан аргаар хөлжих гэсэн луйварчдад боломж олгосон, хүнсний аюулгүй байдлаа хянаж чадаагүй, төрийн хараа хяналт сул, хариуцлага муутай бидний л буруу. Манай бүх салбарт ийм асуудал байх шиг байна. Эм, хүнс, уул уурхай гээд аль ч салбарыг аваад үзсэн дампуурсан бодлого, хараа хяналтгүй байдал, хуйвалдаан луйвар газар авлаа.
Гэтэл Хятад улс яаж байна? Эрүүл ахуйн хяналт маш чанга. Стандарт шаардлага нь өндөр. Оноох ял шийтгэл нь нэн хатуу. Тийм болохоор хууль бус үйлдвэрлэгчид, буруу гарынхан хараа хяналт сул газар руу зүтгэх нь ойлгомжтой. Тэдний хувьд Монгол шиг диваажин хаа байна? Хаа ч байхгүй.
Монголын төрд Хятад шиг бай л даа гэж хэлмээр байна. Манай улсын хөгжлийн хөтөлбөрийг хар. БНХАУ-ын хөгжлийн хөтөлбөртэй харьцуул. Монголынх хоорондоо уялдаа холбоо тааруухан тунхагийн шинжтэй хуурай үгсийн цуглуулга. Тэднийх маш тодорхой томъёолол, хугацаатай, эзэнтэй зорилтууд. БНХАУ-ын 2035 он хүртэлх хэтийн зорилгод анхаарал татах олон шинэлэг зорилтууд тусчээ. “Гадаад, дотоод хос эргэлт” гэдэг нэр томъёо орж ирсэн байна. Гадаад эдийн засгийн эргэлтээ сайжруулахаас гадна “дотоодын их эргэлтийн урсгалыг нэмэгдүүлнэ” гэнэ. Эдийн засгийн дотоод эргэлтээрээ хөгжлөө хурдасгах том бодлого хэрэгжүүлэх нь. “Шинэ төрлийн хотжилт”, “”Бүлэг хотын интеграц хөгжил” гэсэн томъёоллууд байна. Хөгжлийн бодлогын гол анхаарал өмнөд бүс рүүгээ хандах нь.
Хорь шахам бүлэг хотоос Хөххот - Бугат - Ордос - Үйлиний бүлэг хот Монголд жаахан ойрдуу байршилтай. Баруун талдаа болохоор Тэнгэр уулын хойд бэл дэх бүлэг хотыг хөгжүүлнэ гэнэ. Түвэдийг Өмнөд Азийн чиглэлд нээлттэй болгох аж. Монголтой хамааралтай Эрээн, Ганц мод, Сэхэ, Алшаа боомтыг хэтдээ сайжруулах төлөвлөгөөтэй.
Манайхан дэлхийд гарах гарц нээх гээд байгаа Нарансэвстэйн боомтын хятадын тал болох Мазуньшань боомт XIV таван жилд хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд нь алга. Мазуньшань боомт байдаг Ганьсу мужийг нөөцийн шинжтэй бүс нутагт багтааж, ногоон бүс байгуулах, экологийн цогц шийдэлд хамруулах аж.
Өөрөөр хэлбэл, үйлдвэржилт, хотжилтын бодлого хэрэгжихгүй гэсэн үг. Аргагүй л дээ, Ганьсугийн цөлд Хятадын сансрын нислэгийн төв бий, цөмийн зэвсгийн үйлдвэр бий, мөн энд хятадууд хэдэн зуун км.кв талбайтай тив хоорондын баллистик пуужингийн бааз байгуулж байгаа тухай “Вашигтон пост” өнгөрсөн оны долдугаар сард мэдээлж байсан.
Цэрэг, стратегийн ийм чухал бүс нутгийг нээлттэй хөгжүүлдэг тэнэг улс орон хаана байхав дээ. Гэтэл манай аваргууд түүгээр боомт нээж байгаад дэлхийд гарна, баруун аймгуудаа хөгжүүлнэ гэж балайрцгаах. Хошин шог шиг амьдарцгааж байна даа, бид.
Б.Галаарид
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.21.231) 2022-06-04 19:41үнэн үг
Хариулах