
Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Польшийн хилтэй ойр байрлах Украины зэвсэгт хүчний баазыг бөмбөгдсөний улмаас 35 хүн амиа алдаж, 134 хүн шархджээ.
Польшийн хилээс 30 км зайд байрлах Яворов цэргийн бааз руу Оросууд пуужингийн 30 гаруй цохилт өгч, ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн тус мужийн төв Львов хот руу ойртсоор байна. Львов хот болон Польшийн хил хооронд байрлах Яворов цэргийн баазад НАТО болон барууны орнуудын цэргийн албан хаагчид хамтарсан хээрийн сургуулилт явуулдаг байжээ.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников уг халдлагыг Европын холбоо-НАТО-гийн хил дээрх энх тайван, аюулгүй байдлын эсрэг алан хядах ажиллагаа хэмээн тодорхойлсон байна. Уг үйл явдалтай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гоос Украины агаарын бүсийг яаралтай хаахыг шаардаад байна. Тэрээр, "Манай агаарын бүсийг хаахгүй бол Оросын пуужингууд та нарын болон НАТО-гийн газар нутаг дээр унах нь цаг хугацааны асуудал юм." хэмээн онцолсон байна.
ОХУ БНХАУ-аас зэвсэгт хүчний тусламж хүссэн талаар Вашингтоны зүгээс мэдээлж байна. Нөгөө талаас БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар сонсоогүй хэмээн мэдэгджээ. Тэрээр Бээжин Украин дахь нөхцөл байдал хурцдаж, хяналтаас гарахаас сэргийлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэжээ.
Өнгөрсөн ням гарагт Украины Ирпен хотод Америкийн TIME сэтгүүлийн сэтгүүлч, 50 настай Брент Рено ОХУ-ын зэвсэгт хүчнийхний галд өртөж амиа алдсан талаар мэдээлж байна. Тэрээр гэрэл зурагчин, Коламбиагийн их сургуулийн профессор 45 настай Хуан Арредондотой дайнаас дүрвэж буй украинчуудын талаар баримтат кино бэлтгэж байжээ.
Эх сурвалж: BBC
Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn