Японы Атамид хөрсний нуралт үүсч, 20 хүн сураггүй алга боллоо

Twitter Print
2021 оны 07-р сар 04-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Японы Атами хотод их хэмжээний хур тунадас орсны улмаас хөрсний нуралт үүсч, 20 хүн сураггүй алга болоод байна. 

Нийгмийн сүлжээгээр тархсан видео бичлэг дээрээс уулнаас их хэмжээний хар шавар бууж, замд нь таарсан байшин барилгуудыг сүйтгэн, далай руу урсаж байгааг харж болох юм. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр эргийн хамгаалалтынхан хоёр хүний цогцсыг олжээ. 

Халуун рашаанаараа алдартай Шизуока засаг захиргааны нэгжийн Атами хотод энэ сарын эхний 3 өдөрт л бүтэн нэг сард орох хэмжээний хур тунадас оржээ. 

Хөрш Канагава засаг захиргааны нэгжид цаг агаарын нөхцөл байдал мөн адил байгаа аж. 

Япон нь уулархаг бөгөөд хүн амын нягтаршил өндөртэй улс бөгөөд тус улсад хөрсний нуралт үүсэх үзэгдэл ховор биш ч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас иймэрхүү байгалийн ноцтой үзэгдлүүдийн давтамж нэмэгдэж, илүү хор хөнөөлтэй болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. 

Хөрсний нуралт орон нутгийн цагаар бямба гарагийн өглөө 10 цаг 30 минутанд болсон ба Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга ажлын хэсэг байгуулжээ. Хөрсний нуралт үүссэн газар цагдаагийн албан хаагчид, гал сөнөөгчид, аврагчид болон Японы зэвсэгт хүчний цэргүүд эрэн хайх болон аврах ажиллагаа явуулж байна. 

Атами хотын дарга Сакэ Саитогийн мэдээлснээр хөрсний нуралтын улмаас 300 гаруй байшин барилга нуржээ. 

Шизуока, Канагава болон Чиба засаг захиргааны нэгжүүдэд нам доор газар амьдардаг хэдэн зуун мянган иргэдийг үерийн аюулаас сэргийлж, нүүн шилжихийг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.