Б.Баатархүү: Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн

Twitter Print
2014 оны 07-р сар 09-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Монгол түмний эх орон, газар шороо, тусгаар тогтнол, агуу түүхээрээ бахархах Ардын хувьсгалын баяр наадам эхэлж байна. Энэ өдрүүдэд Монгол хүн болж төрсний утга учир, Монгол хүн гэдгээ дэлхийд тунхаглах, нүүдэлчдийн түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх учиртай. Монголчууд бидэнд уламжлагдан ирсэн биет болон биет бус өв соёлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбарын эрхлэгч, доктор Б.Баатархүүтэй ярилцлаа.

-Даяаршиж буй энэ нийгэмд монголчууд бидний өв соёл, ихээхэн гээгдэж байх шиг. Өв соёлын талаар судалгааны түвшин ямар байдаг вэ?

-Өнөөгийн даяаршиж буй нийгэм, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, уул уурхай зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголчуудын уламжлалт ахуй, соёл ихээхэн өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, устаж байна гэхэд хилсдэхгүй. Монгол улсад өв соёлоо системтэй судладаг хэдхэн газар байдаг. Тухайлбал, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, түүний Угсаатан судлалын салбар юм. Монголчуудын өв, соёлыг судласан байдлыг авч үзвэл, 1950-иад оны сүүлчээс өнөөг хүртэл ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбараас системтэй судалгаа явуулж ирсэн. Тэр нь угсаатны зүй буюу аман түүхийн хээрийн шинжилгээний экспедиц юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр хэлэх дуртай болоод байгаа биет бус соёлын өвийн судалгаа гэсэн үг. Энэхүү олон жилийн судалгааны хэрэглэгдэхүүнээ 10 ботиор хэвлэж олны хүртээл болгосон.

Угсаатны зүй, Аман түүх, Биет бус соёлын өвийн судалгаа гэдэг бол тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, үүх түүх, удам угсаа, домог, шүтлэг, ёс заншлынхаа талаар ярьсныг хэлж байгаа юм. Хэдийгээр аман түүхийн талаар олон арван жил судалгаа хийгдсэн ч өнөөгийн хүн ам, нутаг дэвсгэрийн байдалтай харьцуулахад тэр нь 40, 50 хувьд ч хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол улсад ахуй, соёлын талаар судлаачид очоогүй газар орон маш их байна гэсэн үг. Жишээ нь, Дорноговь аймагт гэхэд л 50 жилийн хугацаанд ганц Мандах суманд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс ажилласан байдаг. Түүний цаана аман түүх судлаагүй, угсаатны зүйчид очиж ажиллаагүй сум олон байна.

-Энэхүү судалгааг хийснээр ямар ач холбогдолтой вэ?

-Угсаатны зүй, Аман түүх, Биет бус соёлын өвийн судалгаа өөрийн гэсэн онцлогтой. Археологийн судалгаанд хадны зураг, булш бунхан, хөшөө дурсгал, хот суурингийн үлдэгдлийг ашиг хонжоо хайгч, тонуулчид очоод ухчихгүй бол хэдэн мянган жил оршин хадгалагдаж ирсэн, цаашдаа ч байж байх зүйлүүд. Тэгвэл угсаатны зүй, аман түүхийн судалгааны онцлог нь хүн дээр тогтдог.

Дорж, Дулмаа, Бат гуайг бид 150 наслуулж чадахгүй. Дорж гуай маргааш ч хорвоогийнхоо жамаар өөд болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, манай уламжлалт соёлыг тээж яваа, тээгчид бурхан болоод дуусч байна. Хүний нэг үе солигдоход уламжлалт соёлын тухай аман түүхийн судалгаа хийх асуудал маш хүнд болно. Дамжуулж, сурталчилж, өвлүүлж үлдээдэг залгамж нь байхгүй болчихлоо. Манай улс ХХ зуунд эрчимтэй хотжсон, хүн амын шилжилт хөдөлгөөн, үйлдвэржилт, өнөө цагийн нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхай гээд энэ бүхнийг дагаж уламжлалт нүүдлийн мал аж ахуй өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой, өв соёлын зүйлүүд устаж, мөхөж байна.

Ганцхан жишээ хэлье. Би Дорноговь аймгийн хүн, манай аймгийн Даланжаргалан суманд уран Гэлэгмолом гэж Боржгины мөнгөн эдлэл урладаг мундаг дархан байлаа. Гэтэл аль хэдийн Молом гуай нас барчихсан. Тэр Молом гэдэг хүний бүтээсэн СОЁЛ Молом гэдэг хүнтэйгээ дууссан. Энэ бол ганцхан жишээ, ийм жишээ маш олон байгаа. Энэ утгаараа Монголын тувачуудыг судалдаг Германы эрдэмтэн Амель гэж хүн “МОНГОЛД НЭГ НАСТАЙ ХҮН НАС БАРАХ НЭГ НОМЫН САН УСТАЖ БАЙГААТАЙ АДИЛ” гэж хэлсэн байдаг. Тиймээс бид ойрын 10 жил аман түүх, биет бус соёлын өвийн системтэй судалгааг эрчимтэй явуулах хэрэгтэй.

-ССАЖЯ-наас биет бус соёлын өвийг анхаарч, бүртгэж ажилд хамтран ажилладаг. Харин хэр үр дүн гарч байна вэ?

-Нэг ололттой зүйл нь саяхан Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2014 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Энд маш чухал заалтууд орсон. Тухайлбал, Палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт орсон. Энэ хуулинд Угсаатны судалгаа хийнэ  гэдэг заалт нэмэж орсон. Өнөөдөр биет бус соёлын өв, устах аюулд байгаа соёлын өвийн тухай ихээхэн ярьж, ССАЖЯ-ны Соёлын өвийн төвөөс бүртгэл хийдэг болсон нь сайн.

Гэвч тэр нь хангалтгүй байна. Жишээ нь, соёлын биет бус өвийг бүртгэнэ гэж байгаа. Бүртгэхээс илүүтэй судалгаа чухал. Биет бус соёлын өв бол зөвхөн хөөмэй, бий биелгээ, уртын дуу биш. Биет бус соёлын өв гэдэг бол Ховд аймгийн Булган суманд малаа маллаж яваа жирийн малчин өвгөний нутаг орныхоо тухай мэдлэг, өв соёл, ёс заншлын тухай мэдлэг юм. Цаашид, магадгүй 10, 20 жилийн дараа гэхэд манайд уламжлалт өв соёлын тухай ярих настай хүн байхгүй болно. Тэгэхээр бид тухайн нутаг оронд байгаа уламжлалт өв, соёлыг авч үлдэхийн тулд нэг аймагт л гэхэд бүхэлд нь системтэй судалгаа хийж, аман түүхийн судалгаа явуулж өвийг авч үлдэх нь чухал.

-Судалгаагаар тогтоосон, төр, засагт, эсвэл шинжлэх ухааны байгууллагуудад хандаж асуудал дэвшүүлэх иргэдэд сэрэмжлүүлэх ямар зүйлүүд байдаг вэ?

-Хөдөө орон нутагт шилжих хөдөлгөөн, уул уурхай гэх мэт янз бүрийн шалтгаанаас болж нүүдлийн мал аж ахуй ихээхэн өөрчлөгдөж байгаа. Жишээ нь, хөдөө орон нутагт уламжлалт, угсаатны зүйн эд өлгийн зүйлүүдийг цуглуулдаг ченжүүд ихээхэн явдаг боллоо. Айлуудаар явж араг савраас эхлээд аяга, домбо, эмээл хазаар, хуучны гэсэн болгоныг хуу хамаад явж байна. Ингээд хуучны эд өлгийн зүйлүүд тэр чигтээ мартагдах, алга болох тийш хандсан. Нөгөө талаар, уламжлалт соёл гэдэг бол хэрэглээн дээрээ тогтож байдаг.

Гэтэл манай малчид уламжлалт эд, өлгийн зүйлийг хэрэглэхээ больж байна. Жишээ нь айрагаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг болллоо, гэх зэргээр хэрэглээгээ дагаад нүүдлийн иргэншил өөрчлөгдөж байна. Монгол гэрээр жишээ авч үзэхэд, өнөөдөр гэрт малчин айл амьдардаг, эсвэл гэр хорооллын ядуу айлууд амьдардаг гэсэн ойлголт бий болчихож. Өнөөдөр та монгол гэртээ амьдар гэх нь утгагүй, гэвч бид уламжлалт гэрээ ямар байдлаар хадгалж авч үлдэх нь чухал асуудал болоод байна.

-Уламжлалт  өв соёлоо хадгалж авч үлдэхэд юу хийх ёстой вэ?

-Аливаа уламжлалт соёл гэдэг бол ХЭРЭГЛЭЖ байж хадгалагддаг, өвлөгддөг ёстой. Тиймээс бид уламжлалаа дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Монгол үндэсний хувцасны өдөр байна. Буриадуудын Алтаргана наадам байна. Монголын тувачуудын Хийморь наадам шиг соёлын үйл ажиллагааг төрөөс дэмжих хэрэгтэй. Тухайлбал, жил бүр монголын тувачууд Хийморь наадмаа хийдэг. Наадамд оролцогсод үндэсний дээл хувцсаа өмсөж, дуугаа дуулж, бүжгээ бүжиглэж, тоглоом наадгайгаараа наадаж уралдан цэнгэдэг.

Үүний үр дүнд ёс заншил, өв уламжлал нь тодорхой хэмжээгээр хадгалагдан өвлөгддөг. Ийм өв соёлын арга хэмжээг өргөжүүлж төрөөс, холбогдох яамнаас дэмжээд өгөх хэрэгтэй. Мөн өв соёлоо хадгалдаг гол байгууллага бол Музейнүүд байдаг. ССАЖЯ дахин байгуулагдаж зарим музейнүүд (Динозаврын, Археологийн, Угсаатны зүйн гэх мэт) шинээр байгуулагдах шийдвэр гарсан нь тун сайшаалтай. Зөвхөн Монгол гэрээр л гэхэд музей байгуулах бүрэн боломж байна.

Нөгөө талаар нүүдлийн өв соёлыг тээгчид бол малчид. Өнөөдөр төр, засгийн бодлогын алдаанаас гэх үү, буруугаас түүх, соёлд харш зүйлүүд их гарч байна. Жишээ нь, малчид яагаад эрт цагаас эхлээд нүүдэг байсан юм бэ. Нүүдэл гэж юу вэ гэвэл, тэр бол цэвэр бэлчээр ашиглалт. Нүүнэ гэдэг маань бэлчээрээ ашиглаж байгаа нэг хэлбэр. Монгол орон тийм ариун дагшин, хүний гар хүрээгүй газар биш. Тэр эрт үеэс нүүдэлчид оршиж ирсэн. Харин газар нутгаа хамгийн зөв зохистой ашиглаж, бэлчээрээ хуваарилдаг байсан. Би Монголд амьдардаг тувачуудаар судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан юм. Тэгэхэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын урд талд уулын нэг хөндийд тэр чигээр нь  маш том чулуун хашаа барьсан байгаа юм. Мал оруулдаггүй. Тэгээд намар нь сумын төвийнхөн тэнд очиж хадлангаа хаддаг.

Түүний дараагаас тэр хашаан дотор айлууд орж намарждаг. Үүгээр юу хэлэх гэж байна гэвэл, Цэнгэл суманд малчид дарга нарын тушаалаар нүүдэг, өөрөөр хэлбэл тушаал гарч байж намаржаандаа бууна. Аль эрт, Хүннү, Сүннүгийн үеэс нүүдэлчид өвс усны аяыг даган нүүж нэг газраас нөгөөд нүүдэллэн амьдардаг байсан гэж түүхэн сурвалжуудад бий. Гэтэл өнөө цагт өвс усны ая хамаагүй, даргын тушаалаар нэг газраас нөгөөд нүүдэг. Тэнд ган гачаал, цас зудтай байх нь хамаагүй болчихсон. Засаг захиргааны байдал тэнд нөлөөлж байна. Нөгөө талаас, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд уулын ам болгон, мөн голын хөндийнүүдийг хашчихсан, тийшээ мал орохгүй. Өөрөөр хэлбэл, Өвөрмонголд бий болсон хашаажуулалт Монголд аль эрт бий болчихоод байна. Тэр бол мал аж ахуй хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг илэрхийлэх том баримт.

Монгол улс гэж байгаа цагт Мал, Малчин хоёр байна. Харин мал дагасан соёл нь алга болох гээд байна. Мал дагасан соёл алга болвол, мал аж ахуй нь тахиа, гахайны аж ахуйгаас ялгаагүй болж хувирна.

Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд болсон болоогүй их, дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал дээр гардаггүй, малд дургүй болдог. Өнөөдөр 5 хүүтэй малчин айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин гэх нэртэй төвийн ажилгүй, малын зүс ч мэдэхгүй этгээд мал маллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч  цаатанд очоод “Цаатангийн хүүхдүүдийг үнэгүй сургана” гэж мэдэгдсэн. Цаатангуудын хүүхдүүдийг үнэгүй сургаад ирэхээр хэн цаа маллах болж байна. Хэрэв, цаатанг дэмжье гэж байгаа бол Тувагаас юм уу Якутаас цаа оруулж ирэх ёстой. Тэгж цааны үүлдэр угсааг чанаржуулж, тоо толгойг нь өсгөх ёстой. Түүнээс биш цаа маллах ёстой хүүхдүүдийг нь сургуульд явуулчихаар хэн цаа маллах вэ. Энэ нь цаатанг мөхөөлөө гэхэд хаашаа юм, ямар ч байсан буруу бодлого. Түрүүн хэлсэн мал, малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр чинь ховордох гээд байна. Тиймээс малчидруу чиглэсэн төрийн мэргэн бодлого чухал.

-Музейнүүд тухайн дурсгалыг архив шиг хадгалж, бас судалдаг байх ёстой гэсэн үг үү?

-Жишээ нь, музейд байгаа эд өлгийн зүйлс бол түүхэн сурвалж гэсэн үг л дээ. Музей бол үзмэр хадгалдаг агуулах биш, зөвхөн жуулчдад зориулсан байгууллага биш юм. Музей бол Монгол өв соёлоо хадгалж, хамгаалах, хойч үед үлдээх, хүүхэд залууст таниулж мэдүүлэх маш том сургууль байх ёстой. Тэнд судлаачид ажилладаг байх ёстой.

-Түүх соёлоо хадгалж үлдэхэд үндэсний үзэл хэрэгтэй юу, ер нь үндэсний үзэл гэж юуг хэлэх вэ?

-Үндэсний үзэл гэдэг бол түүх соёлоо дээдэлж, бусдаас өөр байгаа тэр ёс уламжлалаа хадгалж, хамгаалах, өвлүүлэхийг хэлнэ. Өнөөдөр олон шинжлэх ухаануудын дотроос хүнд үндэсний үзэл төлөвшүүлдэг цорын ганц шинжлэх ухаан бол ТҮҮХ. Эх түүхийн хичээлийг сургуулийн өмнөх боловсролоос эхлээд дээд сургууль төгстөл зөв бодлогоор системтэй заах хэрэгтэй. Түүхийг залхаах байдлаар биш, ухамсрыг нь сэргээх байдлаар заах хэрэгтэй. Зарим ухвар мөчид хүмүүс ярьдаг, дунд сургуульд заачихаад дахиад дээд сургуульд түүх заалаа, эмч хүнд түүхийн мэдлэг ямар хэрэгтэй юм гэж. Мэдээж мэс засал хийхэд эмч хүнд түүхийн мэдлэг хэрэггүй, харин монгол эцэг, эхээс мэндэлсэн хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэхэд түүх, өв соёлынх нь тухай мэдлэг хэрэгтэй. Би монгол хүн гэдэг тэр ухамсрыг л бий болгохын тулд эх түүхийн хичээл, мэдлэг чухал байдаг. Тийм ч учраас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай заалтанд "ТҮҮХ, СОЁЛ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДАРХЛАА" мөн гэж заасан.

Монголчууд бид монгол гэрээ, гэр хороолол гэдэг нэрийн дор үгүй хийж, хүүхэд залуучууд нь уламжлалаа уландаа гишгэж, ахмад хөгшчүүд нь биднийг" МОНГОЛОО АЛДСАН" гэж зэмлэх болжээ.

Нэгэн сэтгүүл дээр өөрөө гоё харагдахын тулд араган дээр гишгэж зурагаа авахуулсан загвар өмсөгчийн зураг нийтлэгдэж баахан шүүмжлэл дагуулсан. Тэр зурагаа авахуулж байгаа хүн, зурагийг нь дарж байгаа зурагчин, тэр зургийг хэвлэж байгаа сэтгүүлийн редакц энэ бүхнийг буруутгах аргагүй, наадам дөхөөд ирэхээр бусдыг дуурайж болсон болоогүй зөв бурууг ойлгохгүй хятадаас бөөндсөн Төрийн далбаагаа машин дээрээ мандуулдаг моод бий болсон. Саяхан нэг туг мандуулсан жолооч цонхоороо хог хаяад явж байна. Цонхоороо хог хаях юм бол тэр хүн туг мандуулж, тоть шиг бусдыг утгагүй дуурайж яахын. Энэ бүхэн юу хэлээд байна гэхээр Монголчууд бидний өв соёлын ДАРХЛАА ямар түвшинд байна вэ гэдгийг нь ойлгож болохоор байна. Дархлаа маш сул байна. Хүнээр бол монгол соёл маань хорт вируснд идэгдэж байна. Үүнийг эдгээхийн тулд бид зөв бодлогоор судлах, өвлүүлэх, хадгалах, хамгаалах шаардлагатай байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинбб

      (202.72.245.122) 2014-07-09 13:12
      • 0
      • 0

      ТОГЛОХОД ЭВГЇЙ ДЭНДЇЇ ГАНГАН ХЇНД ЖИНТЭЙ ИЙМ ХЄГЖИМ БАЙГААГЇЙ НЬ ТОДОРХОЙ,АКУСТИКД ХАРШ ЭВЭР НЬ ХУУЧИН ОЛСОН ХЭВЭЭР НЬ БАЙХГЇЙ

      Хариулах