Украин Европ руу эрчим хүч экспортолж эхэлжээ

Twitter Print
2022 оны 07-р сар 01-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев Румын руу цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэлснээрээ Европт ОХУ-ын эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулахад нь тусалж байна хэмээн онцолжээ.

В.Зеленскийг ийнхүү мэдэгдэл хийхээс өмнө Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль Украин улс 6-р сарын 30-наас эхлэн Румын руу цахилгаан эрчим хүч экспортолж эхэлснийг мэдэгдсэн юм. Түүэий хэлсэнээр Киев эхний ээлжинд 100 МВт эрчим хүч нийлүүлэх бөгөөд эхний өдөртөө л гэхэд "Укрэнерго" компани 10 сая гривений эрчим хүч борлуулсан байна.

Цаашид Киев жилдээ 70 сая гаруй гривений эрчим хүч нийлүүлэх боломжтой ба эрчим хүчний экспорт Украины эдийн засгийн гол хөшүүрэг болох аж. Ерөнхийлөгч В. Зеленский эрчим хүчний экспорт нь Украины Европын холбоонд элсэх үйл явцад чухал ач холбогдолтой алхам боллоо хэмээн онцолжээ. Тэрээр, "Украины цахилгаан эрчим хүчний ачаар европчууд Оросын хийн тодорхой хувийг Украины эрчим хүчээр орлуулах боломжтой боллоо. Энэ нь Украин улс экспортоор ашиг олох тухай асуудал бус Европын улс орнуудын аюулгүй байдлын тухай асуудал билээ. Дайн эхэлсний дараахан Украин улс Европын холбооны эрчим хүчний системд холбогдсон гэдгийг сануулмаар байна. Украин улс өмнө нь боломжгүй мэт байсан зүйлсийг бодит болгож байна." хэмээн ярьжээ.

Өнгөрсөн 3-р сарын дундуур Украин улс Европын Цахилгаан эрчим хүч дамжуулах системний операторуудын сүлжээнд (ENTSO-E) нэгдэх зөвшилцөлд хүрсэн аж. Европын Цахилгаан эрчим хүч дамжуулах системний операторуудын сүлжээ байгууллагаас мэдээлснээр Украины эрчим хүчийг Словак болон Унгар луу, Молдаваас Румын руу нийлүүлэх ажил тун удахгүй эхлэх аж.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.