Цагийг аргадах цасан ширхэг

Twitter Print
2021 оны 04-р сар 26-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

Дотно найз нөхрийн дурдатгаснаар дэлхийн нэгэн алдартны намтар бодрол номыг хянах нэртэй харж суутал, хорвоогийн долоо хоног улам л хурдлах мэт хэдэнтээ хөрвөн өнгөрчээ. Энэ хооронд сайн бас тааруухан үйл явдал нэг биш тохиосон байх юм.

Хүний хорвоод бие биетэйгээ учрал ерөөлөөр таарч, уран бүтээлийн харгуйгаар хамтдаа гар санаа нийлэн, мөнх л ингээд байх юм шиг инээж хөхрөн цугтаа алхаж явсан нөхдийн минь дундаас эргэж ирэхгүйгээр эгнэгт харвасан Гэсэржавын Маш, Оргойн Нацагдорж, Цэвэлмаагийн Наваан тэргүүтнийхээ гэгээн дурсгалыг нэгэн бодлын харуусалтайгаар, нөгөө бодлын хүн шиг хүн байцгааж, хэзээ хойно ч сүндэрлэх хөшөө дурсгалаа өөрсдийн оюун ухаан, уран чадвар, увидаст гараараа хэдийнээ мөнхөлж бүтээгээд үлдээснийг нь бодохоор бахархалтайгаар дурсах үүрэгтэй болжээ, бид.

Гуниг байвал хөө, гутрал байвал үргээ, үртэй болгон үрж, үндэстэй болгон соёл гэх шиг энэ хахирган хаврыг уясаасан хүйтэн бороо, зөөлөн цас эх орны минь энгээр шахам энд тэндгүй үргэлжлэн орсоор байна.

-Тэнгэр хангай минь, өеөдөж тамирдсан мал, нялх төл л осгочих гээд тэвдүүхэн байна даа. Хураа та арай дулаахан хайрлаж болохсон болов уу?

-Эндүүрээд байна уу даа, та минь. Одоо чинь зуны сар гараагүй, хаврын сар хараахан шувтраагүй байна шүү дээ. Хаврын сар хартай гэж өөрсдөө та нар хэлдэг л дээ. Мөдхөн дөө, маргааш нөгөөдрөөс л эргээд дулаарчихна. Тэгээд ч байгаль би хүмүүн та нарт хэзээ ч нэгмөсөн хатуурхаж үзээгүй. Догширч л байдаг, дорхноо бас номхорч л байдаг.

Хүмүүс та нар л харин хэцүү, хэцүү. Халуун, хүйтний туйл надад бус, та нарын сэтгэлд л байдаг. Харахгүй юу тэр, хүйтэн хүйтэн л гэнэ, Алс тэртээх Ангараг гаргийн тэнгэрт царцчилгүй, танай тэр царцаа шиг жаахаан нисдэг тэрэг дажгүй хөөрлөө л байна. Тэнд чинь хасах ерөн градус хүрч хүйтэрсэн шүү дээ, давж л байна. Халуун халуун л гэнэ, цельсийн жар шахаж халдаг Үхлийн хөндийгөө байг гэхэд, ээрэм говийн аагим халуунд тэмээн сүрэг бэлчиж л байдаг, зээрийн сүрэг хуйларч л байдаг, бут бударгана ургаж л байдаг, амьдын шинж дүүрэн байдаг. Хүний сэтгэлийн хүйтрэлд юу харин тэсч үлдэх вэ? Хүний сэтгэлийн ээнэгшилд юу харин уяралгүй хоцрох вэ? Хүмүүс та нар л сэтгэлээ хичээлтэй.

Хүн байгаль хоёр ийн хүүрнэх мэт цас, цас, цас... Цаана цаанаасаа, дээр дээрээс хөвсийтөл буух нь ирэх зуны өнгийг зурна, хүн зоны хүртэх жаргалыг даллана...

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.