Умардын удирдагчийн "байж болшгүй явдал"

Twitter Print
2014 оны 07-р сар 09-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч хөөрхий Ким Чен Ун яасан юм бол, өвөөгийнхөө нас барсаны 20 жилийн ойн хүндэтгэлд хөл нь доголчихсон ирж үзэгдсэн аж. Тэрээр БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, тус улсын улс төрийн “чучхэ” номлолын эх үндэсийг тавьсан өвөөгийнх шарил орших Кымсусаны “Нарны ордонд” хүрэлцэн ирсэн дүрс бичлэгийг телевизээр харуулсан байна. Умардынхан төрийн тэргүүлэгчдээ бурханчлан хэт тахин шүтдэг асуудлыг барууны хэвлэл мэдээллүүд шүүмжилдэг бол Умард Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга уг шүүмлэлийг дахин өдөөсөн сүртэй ёслол мөн хийлээ.

Ким Ир Сений занданшуулсан шарил, түүний төрийн шагналууд, галт тэрэг, автомашин байрлуулсан бунханд залуу Ким цэцэг өргөөд гүнээ хүндэтгэн толгой гудайлгасан тухай Их Британийн The Guardian сонин онцлон мэдээлсэн байна. Тус хэвлэлд тэмдэглэснээр, БНАСАУ-ын хэвлэл мэдээлүүд төрийн тэргүүнийхээ сульдаж дордсон биеийн байдлыг харуулсан мэдээлэл урьд өмнө нь хүргэж байгаагүй аж. Жишээ нь, их удирдагч Ким Ир Сенийг 1994 онд нас эцэслэхээс нь өмнө хүзүүн дээр нь гарсан одон бөмбөгний чинээ том хавдарыг ажиглагдахгүйгээр зураг авахыг зургалаач нарт үүрэг болгодог байжээ.

Барууны хэвлэл мэдээллүүд, тухайлбал Reuters агентлаг, Ким Чен Ун юунаас шалтгаалан бэртсэнд дэлхий данхин анхаарал хандуулж "байж болшгүй явдал" хэмээн үзэж байгааг тэмдэглэж байна. АНУ-ын “The Wall Street Journal” харин Умард Солонгосын удирдагч сүүлийн үед жин нэмсэн асуудал түүний тамхи татдагтай нь холбоотой гэж үзэж байгаа аж.  Тэрчлэн Ким Чен Ун өвөөтэйгөө адилхан харагдахын үед гоо заслын хагалгаанд орсон тухай мэдээллүүд тарж байгаа аж. Түүний эцэг Ким Чен Ир 2008 онд цус харвасны дараа доголж явсныг хэвлэл мэдээллүүд онцолж байна.

Харин Ким Чен Ун саяхан Өмнөд Солонгосын хил дагуу байрлах цэргийн анги нэгтгэлүүдийн бэлэн байдлыг шалгаж яваад ирсэн тухай The Japan Times мэдээлжээ. Тэрээр Вонсан хотоос холгүй орших Унг арлын хамгаалалтыг шалгаад уг арлыг америк маягийн боловсролоос хамгаалах "халдашгүй цайз" болгох үүрэг өгсөн байна. Хэрвээ тулгаралт болсон тохиолдолд "дайснуудаа далайн гүнд авслах"-ыг тэрээр офицерууддаа  уриалсаныг The Korea Herald сонин тэмдэглэсэн байна.

Ким Ир Сений нас барсаны 20 жилийн ёслолын үйл ажиллагаан дээр Ким Чен Ун индэр дээрээс үг хэлэхийг үл төвдсөн учир түүний оронд Ардын их хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ём Нам үг хэлж, өвөг Кимийг "хүн төрлөхтний түүхэн дэх аугаа их удирдагч" хэмээн цоллоход танхим тэр чигээрээ алга нижигнүүлэн ташиж байв. Ким Ём Нам тэрчлэн, аугаа их удирдагч Ким Ир Сений үүсгэн байгуулсан армийн хүчинд тус улс аливаа хүнд бэрхшээлийг амжилттай даван туулж ирсэн бөгөөд одоо Ким Чен Уны удирдлага дор улс орноо цэцэглэн хөгжүүлэхийг нийт ард иргэддээ уриалжээ.

Их удирдагч Ким Ир Сен Умард Солонгос улсыг үндэслэн байгуулж 1948 оноос 1994 онд нас эцэслэх хүртлээ тус улсыг удирдан чиглүүлж явсан. Харин түүнийг зүрхний шигдээсээр нас барсаны дараа "мөнхийн ерөнхийлөгч" гэх алдар хүлээлгэсэн билээ. Үүгээр зогсохгүй Солонгосчууд түүний алдар нэрийг мөнхөлж "Аугаа их удирдагч Ким Ир Сен бидэнтэй мөнхөд хамт" гэж толгойтой болгон үглэж дуулж явдаг болсон байна. Харин 1997 оноос тус улс "Ким Ир Сений үндэстэн" гэх албан ёсны нэршилтэй болоод зогсохгүй, Солонгос хэлийг "Ким Ир Сений үндэстний хэл" гэх болжээ.

1994 оноос 2011 он хүртэл БНАСАУ-ыг Ким Ир Сений хүү Ким Чен Ир удирдаж байсан бөгөөд тэрээр замбараагүй амьдралын хэв маягийнхаа улмаас чихрийн шижин өвчин тусаж, зүрхний шигдээсээр нас барсан гэж үздэг. Умард Солонгосын их удирдагчийн ач хүү Ким Чен Ун харин өнөөдөр ямар өвчин туссан юм бол?

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.