Маяг, кийлэн

Twitter Print
2021 оны 07-р сар 05-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

"Маяг", "кийлэн" гэж хэлэхээр манай нутгийнхаас өөр үндэстэн, ястангууг бараг мэдэхгүй болов уу. Түүгээр ч үл барам юу гэнээ, юу гэсэн үг бэ гэж гайхсан харцаар дахин дахин харж асуух байх. Ийм нэршлийг зөвхөн торгууд, хошуудууд л хэрэглэнэ. Энэ бол нэг төрлийн хувцасны нэр. Ямар хувцас бэ гэвэл өмд, цамц. Гэхдээ бүх төрлийн өмд цамцыг бас ингэж нэрлэхгүй. Өмд, дээл, цамцны дотуур өмсдөг нимгэн даавуун урт шунгарцагтай /шуумаг/өмдийг маяг, урт ханцуйтай нимгэн цамцыг кийлэн гэж нэрлэнэ. "...аци наараан маяг кийлэн аваад өг..." гэдэг эс бил үү. Харин гадуур өмсдөг өмдийг шалбар, дээлийг лавшиг, дэвэл, малгайг малхай, гутлыг госон, хөлний ороолтыг цуглаа гэнэ. "...Ут мориндайн сундалдаад

Уужим дэвэлдайн багтаж ёв...". Маяг, кийлэнг ямбуу, даалимба, нимгэн торгомсог даавуугаар өөрсдөө оёж өмсдөг байсан. Маяг нь резин, даавуун уяа/өлх/- тай, кийлэн нь энгэр захтай, захгүй байсан. Жишиж хэлбэл захгүй нь цэргийн дотуур хувцас буюу "чапа" цагаантай төстэй гэж ойлгож болно.

Маяг, кийлэн гэдэг нэршлийг торгуудууд бид мартах ёсгүй. Чухам яагаад ингэж нэрлэх болсныг тайлбарлаж чадахгүй юм. Монгол хэлний үгийн тайлбарт кийлэнг цамц гэсэн боловч маягыг өмд гэж тайлбарлан тодотгоогүй байна. Маягыг Монгол хэлнээ юмны загвар, хэлбэр, дүр байдал, гажуу зан, зан авир, төлөв байдал, шинж гэх мэтээр тайлбарласан байна. Үүнээс харвал хэлбэр, загварыг нь тодорхойлж загварлаг, маягтай гэдэг утгаар маяг гэсэн юм болов уу. Ямарч л байсан бидний өвөг дээдэс ингэж нэрлэсэн байх юм. Мэдэх хүмүүс байвал тайлбар хийнэ биз.

Энэ нэршил цагийн аясаар халхжиж орчин үед хэлэгдэхээ байж. Одоо хаа нэгтээ настай хүмүүс өмд, цамцаа хуучны нэршлээрээ маяг, кийлэн гэж нэрлэж байна. Энэ бол үнэхээр сонсголонтой сайхан сонсогдоно. Хот суурин газрынхан энэ нэршлийг хэрэглэдэггүй юмаа гэхэд мартахгүй, харин хөдөө, орон нутгийхан хэрэглэдэг баймаар байна. Ер нь орчин цагаа дагаад олон ястны хэл соёл голбалчлагдаж аажмаар устаж үгүй болж байна. Энэ бол эмгэнэл.

Уг нь хэл яриа, аялага, нэршлээрээ бие биенээсээ ялгарч ондоошдог. Монголчууд нэг үгийг олон янзын аялага, дуудлагаар хэлж, хэрэглэж ирсэн хэл соёлын өргөн хэрэглээтэй ард түмэн. Болдогсон бол өвөг дээдсээс бидэнд үлдээсэн хэл аялагын бие биенээсээ ялгарах өв соёлоо мартахгүй байхсан. Энэ бол асар том соёл. Улс үндэстэн бүхэн хэлний аялага, дуудлагаараа ялгардаг.

Бид өөрсдийн өвөг дээдсээс хэрэглэж ирсэн хэл ярианы аялаганаасаа болж бусдад шоолуулж, гадуурхагдахаасаа ичиж эмээснээс болж аялгуут сайхан ойрад угсаатны хэл, өвөрмөц содон аялага устаж үгүй болох аюул нүүрэлсэн байна. Өөрсдийн угсаа гарвал, хэл ярианы содон аялаганаас ичих ёстой юу. Харин ч бахархан омогшиж, өвөрмөц хэл соёл, аялагаараа өөрийгөө чимж, бусдад гайхуулж тэдний сонирхолыг татах бус уу.

Хожим халх, дөрвөд, баяд, өөлд, урианхай, захчин, торгууд, хотон, туваа, буриад энэ угсаатны бүлгүүд бусдаас юугаараа ялгарах бол. Тодорхой хугацааны дараа бидний хойч үе угсаатны хэл, өв соёлоо, ярианы аялагаа, судалж, сурах болж байна уу. Эрдмийн ажил хийх үү. Бодох л асуудал.

Бийцээгийн Үнэнбат

2021.07.01

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.