
ДӨРВӨЛЖИН ЭНГЭР манж, хятадынх биш
“Хүн төрөлхтний түүх дорнодоос, ялангуяа монголчуудаас эхтэй, учир нь тэнд төр байсан юм” хэмээн Гегель хэлжээ. “Монголчууд, нүүдэлчид гэдэг нь зэрлэг бүдүүлэг арьс нөмөрсөн хүмүүс” байгаагүй, харин ч хувцасны өндөр соёл заншилтай байсан нь тодорхой аж. Монголчууд хувцас өмсөх зан заншлаа хүртэл “төрт ёсны үйл хийж байна” гэж үздэг байсан. Малгай, дээл нь монголчуудын зэрэг дэвийг илэрхийлэхээс гадна хувцаслах маш өндөр соёл байв.
МАРКО ПОЛО: 1246 онд Гүюг их хаанаар суух үед Их Хуралдайд ирсэн ихэс ноёд ёслолын өмнөх гурван өдрийн турш гурван янзын хүндэтгэлийн хувцас өмссөн байна. Үүнд “Эхний өдөр цагаан магнаг торго, дараа өдөр нь улаан магнаг торго, гурав дахь номин хөх торго, хоргой хувцас өмсөж ёсолсон” тухай Марко Поло тэмдэглэжээ. Мөн тэмдэглэлдээ “Цагаан сарын шинийн 1-ний өдөр их хаан тэргүүлэн бүх ард иргэдэд хишиг хүртээх бөгөөд цагаан хувцас өмсөх заншилтай. Цагаан өнгө бол өлзий мөртөй, цэвэр сайхны билэгдэл гэж үздэг. Их хаан жилийн турш эд эрдэнэсийг элбэг эдэлж, лагшин тунгалаг, зол жаргалтай байхыг зөгнөн ерөөдөг. Монголчууд цагаан сараар хар дээл хувцас өмсдөггүй” гэж бичиж үлдээсэн байдаг.
БАО МИН ШИН: Монголчуудын хүчирхэг байх үед нөлөөнд нь байсан улс орнууд монгол дээл хувцасны соёлыг даган дуурайсан. Хятадууд “амар тайван байлгадаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэдэнтэй тулалдах үеийн хурд хүч нь өмссөн хувцсандаа байна, түүнийг нь судалж өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлнэ” хэмээн түүхэн сурвалжууддаа олонтаа дурьдсан байдаг. Хятад, Орос, Япон, Солонгосын эрдэмтэд “нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий” хэмээжээ. 2010 онд Хятадын үндэсний хувцас судлаач эрдэмтэн Бао Мин Шин хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд хан үндэстэн тал нутгийн нүүдэлчдээс хувцасныхаа загварт их зүйлийг авсан” хэмээн тэмдэглэсэн.
ВИКТОРОВА: Оросын судлаач Л.Л.Викторова “Эртний монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин байсан” хэмээн тодорхойлсон нь одоогийн монгол дээлний зах энгэрийг манж, хятадуудаас авсан гэх ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл нь Манжаас өмнө Киданы үед холбогддог ба Кидантай холбоотой олдворуудаас олддог аж. Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олж, XIII зууны үед улам баялаг болон хөгжиж Юань улсын үед дээд зэргийн тансагтаа хүрсэн гэж судлаачид үздэг.
ДОН ДУК КИМ: Өмнөд Солонгосын эрдэмтэн Дон Дук Ким “III зууны үед скифийн өмд Грек улсад дэлгэрч, хүннү өмд Хятадад нөлөөлсөн. Y-YI зууны үед Төв Азийн нүүдэлч иргэдийн дээлний нөлөөгөөр Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцаснууд баяжсан. XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бол хожим Манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болсон” гэж бичсэн байна.
СТАРИКОВ: Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд олон бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд Коро улсын үеийн хувцаснууд нь умард Монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн” хэмээн бичжээ.
Ч.Буянбадрах
Олон улсын аялал жуулчлалын үндэсний төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.