БНХАУ-тай хиллэж буй бүх боомтуудыг бүрэн хаах шийдвэр гаргалаа

Twitter Print
2020 оны 02-р сар 13-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Засгийн газар өнөөдөр /2020.02.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаан 15.30 цагт эхэлсэн бөгөөд цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан зарласан юм. Уг хуралдаанаар Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайтын боомтуудыг хаах шийдвэр гаргасныг мэдээллээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-тай хиллэж буй боомтуудыг бүрэн хааж байгаа юм байна. 

Агаарын тээвэр болон төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоож буй бөгөөд БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй, Монгол Улсын иргэд гуравдагч орон руу ч зорчих боломжгүй болж байна. Мөн БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн чиглэлийн нислэг, галт тэрэг, тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон бөгөөд БНХАУ-ын нэг ч иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй болсон байна. 

Ингэснээр БНХАУ-аас аль ч улсын иргэн Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байгаа ба монгол иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр нэвтрүүлэхгүй аж. Хэрэв зайлшгүй тохиолдолд Монгол Улсын иргэдийг авч ирэх шаардлага гарвал тусгай баг явуулж, ганц нэгээр бус бөөнөөр нь авахаар төлөвлөжээ. Ингэхдээ тээврийн зардлыг тухайн иргэд гаргахаар зохицуулалт хийхээр болсон байна. Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаас гаргасан коронавирусийн халдвараас сэргийлэх шийдвэрийн дагуу төрийн болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа билээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.