Ливид жагсагчид парламентын байр луу дайран оржээ

Twitter Print
2022 оны 07-р сар 03-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гарагт Ливийн хойд зүгт байрлах Тобрук дахь парламентын төлөөлөгчдийн танхимын байр луу жагсагчид дайран оржээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр жагсагчид амьдралын чанар доройтож байгааг эсэргүүцэж, цахилгаан эрчим хүч олон цагаар доголдож, газрын тос олборлодог хэд хэдэн байгууламжуудыг хаасан асуудлыг даруй шийдвэрлэхийг шаардаж байгаа аж.

Жагсагчид бульдозер машины тусламжтайгаар парламентын байр луу нэвтэрч, дээрэм тонуул хийж, зарим өрөө танхимд нь гал тавьсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Ливийн парламентын гишүүд иргэд тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэдгийг онцлохын зэрэгцээ дээрэм тонуул хийж, гал тавьсан явдлыг нь буруушаажээ.

2011 онд Ливийн удирдагч Муамар Каддафийг түлхэн унагаснаас хойш үүссэн эмх замбараагүй байдал одоог хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Триполид үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулсныг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн ч тус засгийн газрын мэдэлд Ливийн газар нутгийн багахан хэсэг л багтдаг аж.

Нөгөө талд Ливийн баруун зүгийн Тобрук хотод Төлөөлөгчдийн танхим бүхий парламент хуралдаж эхэлсэн юм. Ливийн баруун бүс нутгуудын дийлэнх нь М. Каддафигийн түнш асан генерал Халиф Хафтарын хяналтанд байдаг ба 2019 оны 4-р сард тэрээо Триполийг эзлэхээр давшсан билээ.

Халиф Хафтарыг Египет, АНЭУ, ОХУ дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Триполи дахь засгийн газрыг Туркийн эрх баригчид дэмжиж байсан юм.

Бенгази, Триполи зэрэг хотуудад хэдэн мянган иргэд эрх баригчдаас ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль даруй зохион байгуулж, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохыг шаардаж байна.

Ливийн Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль 2021 оны 12-р сард болох ёстой байсан ч Ливийн төрийн мэдлийг атгах гэсэн талуудын сонгуулийн хууль эрх зүйн үндэслэл, нэр дэвшигчидтэй холбоотой маргаанаас болж сонгууль болоогүй аж.

Он гарсанаас хойш хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг импортлодог Ливид Украины дайнаас болж бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, Каддафийгийн үед улсдаа багагүй орлого оруулдаг байсан эрчим хүчний салбар нь хямарснаас болж хйл өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг өдөр болгон олон цагаар хязгаарлахад хүрчээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.