Мессигийн шийдвэр дэлхийг донсолгох уу

Twitter Print
2021 оны 07-р сар 01-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Лионель Андрес Мессигийн “Барселона” клубтэйгээ байгуулсан гэрээ өнөөдөр албан ёсоор дууслаа. Өөрөөр хэлбэл, дуртай баг руу явах эрх нь нээгдлээ. Монголд ч ирж болно, хэрэв хүсвэл. Өмнөд Америкийн АШТ-д оролцож байгаа тэрбээр гэрээнийхээ талаар ам нээгээгүй байна. Угаасаа хэдэн сарын турш чимээгүй байгаа. “Барса”-ийн ерөнхийлөгч Хоан Лапорта ч гэсэн “Гэрээ дууссан, эсвэл сунгасан” талаар мэдээлэл хийсэнгүй. Мессигийн түрүүлж хэлэх үгийг тэрбээр хүлээж байна. “Барса”-гийн зүгээс түүнд 8 жилийн гэрээ санал болгосон байгаа. Уг гэрээгээр Месси “Барса”-д 2023 он хүртэл тоглоод Дэвид Бекхэмийн эзэмшдэг АНУ-ын “Интер Майами” клубт очно. Тэндээ хөлбөмбөгчний карьераа өндөрлүүлээд “Барселона” клубийн удирдах албанд ажиллах юм. Ингэхдээ дээрх 8 жилийн эхний 4 жилд 240 сая еврогийн цалин авна. Хэрэв Месси багаасаа явахаар шийдвэл “Манчестер Сити”, “Пари Сен Жермен” гэсэн араб эзэнтэй баян клубүүд түүний гэрийн үүдийг сахиад сууж байгаа.

Сүүлийн сард өрнөсөн байр байдлаас харахад Месси багтаа үлдэхээр шийдсэн мэт. Гэвч орчин цагийн хөлбөмбөг барьцгүй болж, гэнэтийн үйл явдлаар дүүрэн болсон. Үүний тод жишээ нь Нэймар “Барса”-гаас 222 саяар “ПСЖ” руу гэнэт явсан түүх юм. Дээрх багууд саналаа Мессигийн ширээн дээр хэдийнэ тавьчихсан байгаа. Өгөх цалин нь “Барса”-гийн саналыг бүтэн нугалж байгаа гэсэн. Хэний ч шүлсийг гоожуулах олон сонирхолтой заалтууд ч тусгажээ. Гэсэн ч гэлээ “Манчестер Сити”, “Пари-Сен-Жермэн”-ийн удирдлагууд амаа хамхин чимээгүй хүлээн сууна. Учир нь эргэн тойронд үүссэн хэл амнаас залхсан учир Месси чимээгүйн анир дор гаргах шийдвэрээ бясалган байна.

Тэрбээр багаасаа явахаар шийдвэл “ПСЖ”-ийг бус “Ман Сити”-г сонгох нь тодорхой гэнэ. Яагаад гэвэл “ПСЖ”-ий өнгөрсөн оноос өрнүүлж ирсэн “Мессиг урвуулах компанит ажил”-д аргентин залуу туйлын дургүй байгаа гэдэг сураг агентуудын түвшинд яригдаж байна. Хэрэв зээ, Месси багаасаа явбал хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том сенсаацыг олон олон хэлбэрээр дэгдээх нь тодорхой. Хамгийн наанадаж, түүхэн дэх хамгийн үнэтэй хөлбөмбөгчин наймааны ширхэг ч зоосны орлого, зарлагагүйгээр багаа солих явдал.

Онолын болоод практик ийм боломж байгаа ч Месси “Барса”-даа үлдэх байх. Гагцхүү үлдэх шалтгааныг л хараад, ажаад, хүлээгээд байна. Гэрээ нь шувтарсаныг ч үл тоон хүлээж байна. Өөрөөр хэлбэл энэ цаг мөчид гэмтэл авбал “Барса”-д падгүй л гэсэн үг. Баг нь хямгадахгүй байх, туслахгүй байх хууль зүйн хоосон орон зай өнөөдрөөс үүссэн. Цалин ч бодогдохгүй. Энэ бүх эрсдлийг үл тоон Месси ингэж тэвсэртэй хүлээж буйн цаад үндэслэл нь “Барса”-гийн хийх трансфер юм.

Одоогоор баг нь Агуэро, Гарсиа, Депайг л авч. Үнэгүй олдсон болон хямд төсөр гурван наймаа. Ирэх хоёр жилийн хугацаанд “Аваргуудын лиг”-т түрүүлж, “Алтан бөмбөг” шагналыг 1-2 удаа нэмээд хүртэх аварга зорилгыг өмнөө тавьсан аугаа хөлбөмбөгчинд жулдах наймаанууд л даа. “Алтан бөмбөг”-ийн 6 удаагийн эзэн хүнд жулдахаас өөр яах билээ.

Багт нь топ түвшний CD, LF, CAM зайлшгүй хэрэгтэй байгаа. Энэ наймаа хийгдэх эсэхийг л Лионель хүлээгээд байгаа юм болов уу? Юутай ч Европ тив дэх хэл амнаас хол байнгаа Бразилд өрнөж буй Copa America-даа амжилт гаргаадахъя гэж байх шиг байна. Аргентин улсаа тэр тэмцээнд түрүүлүүлэх нь түүний бас нэг мөрөөдөл юм шүү дээ. Бас нэг мөрөөдөл нь дэлхийн аварга болох, 2022 онд Катарт. Тэгж чадах эсэх нь Copa-гаас л харагдана даа.

Юутай ч Мессигийн хийх мэдэгдлийг хүлээе дээ.

ЖАЛСРАЙН БАЯРЖАРГАЛ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.