
Австралийн эрх баригчид Англид төвтэй Англи-Шведийн хамтарсан AstraZeneca эмийн компани болон Оксфордын их сургуулиас боловсруулж буй коронавирусын эсрэг вакциныг худалдан авч, нийт хүн амаа коронавирусын эсрэг вакцинд үнэгүй хамруулах тухай гэрээ хийжээ.
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны онцолсноор AstraZeneca болон Оксфордын их сургуулиас боловсруулж буй коронавирусын эсрэг вакцины клиникийн туршилт амжилттай болсон тохиолдолд 25 сая австраличууд вакцинд эрт хамрагдах боломжтой болох аж. Австрали улсын хувьд коронавирусын цар тахал эхэлснээс хойш коронавирусын халдварын нийт 23 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 400 гаруй хүн нас бараад байгаа билээ. Энэ сарын эхээр Австралийн Виктория мужид коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгдэж, тус мужид онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон юм.
Виктория мужид коронавирусын халдварын 7000 гаруй идэвхтэй тохиолдол бүртгэгдээд байгаа нь эрх баригчдыг түгшээж байна. AstraZeneca болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй коронавирусын эсрэг вакцин нь клиникийн туршилтаа амжилттай давах магадлал өндөртэй вакцины тоонд багтаж байгаа ба олон тооны улс орнууд уг вакциныг худалдан авах хүсэлтээ илэрхийлээд байгаа аж. Австралийн нийт хүн амыг коронавирусын эсрэг вакцинд хамруулахад эрх баригчид хэдий хэр хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч Австрали улс Америкийн Becton Dickinson эмийн компаниас 18 сая ам. долларын үнэ бүхий 100 сая ширхэг зүү, тариур зэргийг худалдан авах гэрээ хийжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.