Үндэсний бөхийн тухай хүн бүрийн мэддэггүй, сонирхолтой баримт

Twitter Print
2020 оны 07-р сар 11-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Монгол бөхийн гарал үүслийг яг хэдий үетэй хамааруулж үздэгийг нарийн тогтоогоогүй байдаг. Судлаачдын тайлбар, Монгол орны газар нутаг дээр үлдсэн ул мөрийг нь үндэслэн 7000 жилийн өмнө наадам хийж, бөх барилдаж байсан тухай мэдээ байдаг аж. Тухайлбал Дундговь аймгийн Өлзийт сумын  Дэл хөнжлийн ууланд Монгол бөх барилдуулж наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7000- 11.000 жилийн өмнөх үед хамаарах юм. Мөн Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд гурван янзын наадам болдог байжээ. Үүнд:  Монголчуудын бөх барилдаан, халх бөхийн барилдаан, Өвөрмонголын барилдаан орно. Эдгээрт монгол бөхийн элемент орсон байдаг ч хоорондоо дүрэм, өмсгөлийн хувьд бага зэрэг ялгаатай байдаг.

Эрийн гурван наадмаас бөхийн барилдааныг хамгийн олон хүн сонирхож, бүгдийн анхааралд байдаг билээ. Тэгвэл бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж эрдэмтэд таамагласан аж. Энэ нэрийн өмнө хойно нь үг залгаж их, бага янз бүрийн цол болгож одооны цолны үүсэл бий болжээ. Тавдугаар зууны үед Кидпан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэж явсаар XI-XIII зууны үед бөх, шинэ зуунд Монгол үндэсний бөх нэртэй болсон гэж үздэг.

Ер нь цолны тухайд 1600 гаруй жилийн түүхийг агуулжээ. XI зууны үед харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр нэрлэж байсан бол XII зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдсэн. Мөн одоогийн хэрэглэгдэж буй начин, заан, арслан, аварга цол нь XIII зуун буюу Чингис хааны үеэс ийн нэрлэж заншсан нь өөрчлөгдөөгүй байна. Харин мэхний тухайд 45 гаруй үндсэн мэх байдаг гэж бөх судлаачид бүртгэж авчээ. Мөн угсраа, давхар мэх нь ороод 100 гаруйг тэмдэглэн авсан байдаг.

Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл аж. Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай. Монгол бөхийн өмсгөлд,  дөрвөн талт жанжин малгай, зодог шуудаг,  нөмрөг, ээтэн хоншоортой монгол гутал зэрэг орно.

1921 оноос хойш тэмдэглэн ирсэн Үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу 11 удаа түрүүлснээс гадна 1990 онд Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд зориулсан даншиг наадамд арав даван түрүүлсэн. Мөн Увс аймгийн Хяргас сумын уугуул дархан аварга Х.Баянмөнх 10 удаа, Булган аймгийн Сэлэнгэбүрэн сумын уугуул дархан аварга Б.Түвдэндорж 7 удаа, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат 6 удаа, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул дархан аварга Д.Дамдин таван удаа түрүүлсэн нь хамгийн олон түрүүлсэн бөхчүүдийг манлайлж байна.

Үргэлжлэл бий...

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.