Өглөө ирдэгтээ сайхан, түнэр харанхуй явдагтаа сайхан шиг...

Twitter Print
2022 оны 01-р сар 01-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс унтаж байхад үүр шөнөөр сэрүүн байх дуртай.

Нэг л эрхэмсүү энэ орчлонгийн буданг нэвтлэн үүр гэгээрэхийг харж, жимсний модон дээр паглайн суун гаагалах улаан хошуутын дуу хахир мөртөө дасал болсон шинэ өглөөний чимээг сонсох даанч дуртай.

Болжмор сүрдхийн зугатан алга болж, сэрүүхэн гоёхон салхи хэсэгхэн сэр сэр үлээх яг энэ мөчийн амар амгаланг ямагт хайсаар байдаг юм.

Бүүдийн хүндэрсэн өтгөн саарал орчлонгийн олон өглөөг яг ингэж угтсансан.

Тэртээ он жилүүдэд ч нам жимийн орноор олон олон бодолтойгоо хөвж, яг л давалгаа үгүй тэнгист ганц завьтай, сарыг тэврэхээр гараа алдлагч их яруусагч мэт өөрийн одот орчлонг эрхшээн хөвөхөөр яваадаа тунчиг дуртай. Тэгэхэд тэр тоог нь алдсан өглөөнүүд бүгд ижил мэт ч өөр өөрийн өнгөөр бас шувууд болгоны хэлээр амилдаг хөгжим аялгуут өглөөг дандаа шинээр угтдаг байж болох.

Ай сайхаан.

Өглөө ирдэгтээ сайхан бас түнэр харанхуй явдагтаа сайхан шиг үүр шөнийн хилэн харанхуйн нууцыг мэдрэхээр сарыг инээлгэн, оддыг хөгжөөн зүүдийг урьж зөн билгийг тэмчтчихээр

Би он цагийн гэрч болохоор

Он цаг миний байсан цаг хугацааг гэрчлэхээр

Уйтай бүхнийг мартан, бас инээдний нууцыг олж

Өнгөрөгч цагийн хахир гарт туг үсээ зулгаалгах бус хацраа гоёмсог торгон салхиар илүүлэн тайвшрахаар алхаж явахдаа хорвоогоос...

Дээвэр тогших бороон чимээ

Цасны чихраа

Далайн хүрхрээн

Горхины шуугиан

Хүний инээд

Хувин дүүргэх бороо

Өглөөн цэнгэг салхи

Шувуудын жиргээн...

Ийм содон бүхнийг харах гэж амьд яваа юм болов уу.

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ахмад настан

      (66.181.161.42) 2021-07-01 10:21
      • 0
      • 1

      Үргэлж хэрэгтэй мэдээлэл, төрөл бүрийн ашигтай зөвлөгөө өгдөгт баярлалаа

      Хариулах