Хонгконгийн сөрөг хүчнийхэн хууль тогтоох зөвлөлөөс бүгд сайн дураараа огцорчээ

Twitter Print
2020 оны 11-р сар 12-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн 4 гишүүнийг албан тушаалаас нь огцруулсантай холбоотойгоор тус зөвлөлийн ардчилсан намын гишүүд бүгд сайн дураараа огцорч буйгаа мэдэгджээ.

Өнгөрсөн лхагва гарагт Бээжингийн эрх баригчид Хонгконгийн засгийн газарт БНХАУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн улс төрчдийг Хонгконгийн хууль тогтоох зөвлөлөөс огцруулах боломж олгосон хуулийн төслийг баталсан юм. Уг хуулийн төслийн дагуу Хонгконгийн эрх баригчид Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн 4 гишүүнийг огцруулсан нь Хонгконгийн иргэдийн эрх чөлөөг боогдуулах гэсэн Бээжингийн оролдлого хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн сөрөг хүчний бүх гишүүд сайн дураараа албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдээд байна.

Ингэснээр 1997 оноос хойш Хонгконгийн хууль тогтоох зөвлөл анх удаагаа сөрөг хүчний дуу хоолойгүй ажиллах аж. Хонгконгийн Ардчилсан намын дарга Ву Чи Вай энэ талаар, "Бид Хонгконгт "нэг улс хоёр тогтолцоо" зарчим одоог хүртэл үйлчилж байгаа гэж дэлхий дахинд ярьж чадахааргүй боллоо. Уг тогтолцоо албан ёсоор үгүй болсон." хэмээн ярьжээ. Их Британи Хонгконгийг 1997 онд БНХАУ-ын мэдэлд буцаан өгсөн ба хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд Хонгконгт 2047 он хүртэл "нэг улс хоёр тогтолцоо" зарчим баримтлах талаар тусгасан байдаг аж. Гэрээний дагуу Хонгконг их газрын Хятадаас тусдаа бие даасан хууль эрх зүйн орчинтой болж, иргэд нь эх газрын хятадуудаас илүү эрх чөлөөтэй байх боломжтой болсон юм. Өнгөрсөн 6-р сарын сүүлээр Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталсан нь Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийг таслан зогсоох, Хонгконгийн автономит байдлыг сулруулж, жагсагчдыг шийтгэх боломж олгосон хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Бээжингийн зүгээс уг хуулийн төсөл нь Хонгконгийн тогтвортой байдлыг хадгалахад тустай хэмээн удаа дараа тайлбарласан билээ.

Хонгконгийн хууль тогтоох зөвлөл нь 80 суудалтай ба тус зөвлөлд ардчилсан намын 19 гишүүн байсан нь бүгд албан тушаалаасаа огцроод байна. БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурлын өнгөрсөн лхагва гарагт баталсан хуулийн төсөлд Хонгконгийг тусгаар тогтнохыг дэмжсэн, БНХАУ-ын төр засгийг эсэргүүцсэн, Хонгконгийн асуудалд нөлөөлөхийг гадны хүчнүүдээс хүсч, ямар нэг байдлаар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хууль тогтоогчдыг огцруулах тухай тусгажээ. Ингэснээр Хонгконгийн засгийн газар хууль тогтоогчдыг шүүхийн шийдвэргүйгээр огцруулах боломжтой болж байгаа аж.

Уг хуулийн төсөл батлагдаад хэдхэн цагийн дараа Хонгконгийн засгийн газар хууль тогтоох зөвлөлийн 4 гишүүнийг огцруулсан ба Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбины мэдэгдсэнээр энэхүү шийдвэр нь БНХАУ-ын үндсэн хууль, хууль эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байсан аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.