Коронавирусын халдвартай тэмцэхийн тулд баячуудад нэг удаагийн өндөр татвар ноогдуулах шийдвэр гаргажээ

Twitter Print
2020 оны 12-р сар 08-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

Аргентины сенат коронавирусын цар тахалтай тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд 200 сая песо буюу 2.45 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэдэд нэг удаагийн тусгай татвар ноогдуулах шийдвэрийг дэмжин баталжээ.

Аргентин улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн урт хугацаатай хөл хорионы дэглэм тогтоосон ч тус улсад төдийгүй Латин Америк даяар коронавирусын халдвар хурдацтайгаар тархаад байгаа билээ. Аргентины эрх баригчдын тооцолсоноор өндөр орлоготой иргэдээс авах нэг удаагийн татвараар Аргентин улсын дотоодын төсвийн 3.5 хувь нь бүрдэх аж. Сенат тусгай татварыг нэг упаа авна гэж тусгасан ч сөрөг хүчнийхэн уг татварыг цаашид тогтмол журмаар авдаг болж, төсвийн ихээхэн хувийг бүрдүүлдэг болж магадгүй гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн Аргентины засгийн газраас ноогдуулж буй татваруудаас болж бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтаа татаж эхлэх, эдийн засгийн илүү таатай орчинтой улс орон руу дүрвэхийг илүүд үзнэ хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна. Өнгөрсөн зуны саруудад л гэхэд олон тооны компаниуд төв оффисуудаа хөрш Бразил руу шилжүүлсэн аж. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Альберто Фернандесийн засгийн газар баячуудад ноогджулах тусгай татварын ачаар коронавирусын цар тахалтай тэмцэхэд нэн түрүүнд шаардлагатай 300 тэрбум песо цуглуулж чадна гэж найдаж байгаа аж.

Аргентины эрх баригчдын хувьд нэн түрүүнд коронавирусын эсрэг вакцин худалдан авах шаардлагатай байгаа ба Аргентины засгийн газар ОХУ-ын Спутник-Ви вакциныг худалдан авах сонирхлоо илэрхийлээд байгаа гэнэ. Үүнд ОХУ-ын вакцины үнэ хямд, хадгалах нөхцөл нь хялбар гэсэн шалтгаан нөлөөлж байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хяналт шалгалт бусад бүс нутгуудаас өндөр байсан Буэнос-Айрес хотод нөхцөл байдал бусад хотууд, бүс нутгуудаас хавьгүй дээр байгаа ч бусад бүс нутгуудад байдал сайнгүй байна. Үүнд эрүүд мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж мөн нөлөөлж байгаа гэнэ.

Латин Америкийн улс орнуудад иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдсэн ч эрүүл мэндийн салбар нь хоцрогдолтой явж байгаа нь асуудал болоод байгаа аж. Эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Аргентин улс хүнд байдал байгаа ба эрх баригчид нь зээлийн эргэн төлөлтөө хойшлуулж чадсан ч коронавирусын цар тахлын үеэр иргэдэд үзүүлэх тусламж, халамж зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан нь төсвийн алдагдалд хүргээд байгаа аж.

Эх сурвалж: ng.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.