Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

Twitter Print
2018 оны 07-р сар 15-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Амжилттай амьдардаг хүн ганцхан ажлаа ч биш, амралтаа ч бас маш сайн зохицуулж, зохион байгуулж чаддаг. Дахин бүтэн 11 сар тасралтгүй ажиллах эрч хүчээ нөхөн сэлбэх 21 хоногоо нэг мэдэхэд л дуусгачихмааргүй байгаа биз дээ?

Яг ямар амралт хүсч буйгаа тодорхойл

Өөрөөр хэлбэл, амралт дууссаны дараа өөрийн бие махбодь, оюун бодол, сэтгэл санаагаа ямар болсон байхыг хүсч буйгаа бодож ол. Тэгвэл чиний амралт тодорхой чиглэлтэй, үр дүнтэй болж өнгөрнө. Хүн бүрийн эрч хүчээ нөхөх арга өөр. Зарим нь өдөржин унтах, зарим нь аялалаар явж өөр газар үзэх, зарим нь удаан уулзаагүй хүмүүстэйгээ уулзах замаар алдсан цэнэгээ дүүргэдэг. Чиний хувьд одоогоор мэдэрч байгаа ядарч сульдсан байдлыг чинь эмнэхэд юу нэн шаардлагатай юм шиг санагдаж байна? Яг тэрэндээ л хамгийн их цагийг зарцуулахаар тооцон, амралтаа төлөвлөөрэй. Чиний амралт аялал төвтэй байх уу эсвэл эрүүл мэнд, гоо сайхан, гэр бүл, найз нөхөд, чөлөөт цаг гэх мэт өөр төвтэй байх уу?

Амралтандаа заавал багтаах ёстой зүйлсээ жагсаа

Миний хувьд “унших ном, үзэх кино, уулзах хүмүүс, очих газрууд” гэж амралтынхаа төлөвлөгөөг 4 ангилсан. Хэдий амралт ч гэлээ цөөхөн хоногт хүссэнээ амжуулахын тулд нарийн төлөвлөгөө байх л хэрэгтэй. Мөн санаанд байгаа болгоноо буулгачихвал ажилдаа орсны дараа “Сая амралтаараа тэрийг л хийчих байсан юм даа” гэсэн харамсал төрөхгүй. Гэхдээ төлөвлөгөөгөө хэтэрхий шахуу хуваарьтайгаар зоож болохгүй. Жагсаалтанд бичсэн бүрийн завсарт айвуу тайван, яарах бас хийх юмгүй, гэртээ зүгээр л тэрийж хэвтэх зайнууд байх ёстой юм шүү. Том зүйлсийг урьдаас нарийн товлож, жижгүүдийг нь зөвхөн тэр орой нь орондоо ороод өөрөөсөө асуух “Маргааш алийг нь хийж амрах вэ?” гэдэг асуултын хариултанд үлдээгээрэй. Хэрвээ хаа нэг тийшээ аялахаар зэхэж байгаа бол, буцаж ирээд цагийн зөрүү болон замын ядаргаа тайлагдах хоёр хоногийг заавал нөөцлө. Шууд маргааш нь ажилдаа орвол огтхон ч амраагүй юм шиг л санагдах болно.



Хүн юуг хийвэл жинхэнэ утгаараа амарч чаддаг вэ?

Амралтаа яаж төлөвлөвөл үр дүнтэй байдгийг бүгдээрээ мэдчихлээ. Харин зохиох гэж байгаа амралтын төлөвлөгөөндөө заавал багтаах зүйлс гэвэл би эдгээрийг санал болгоно:

1. Орчноо солих

Яг л нэг гутлаа өмсөж удаан явж байгаад өөр гутал сольж өмсөхөд хөл амрах шиг л санагддагтай адилхан... Харах, сонсох зэрэг 5 мэдрэхүйнхээ алжаалыг тайлж, амьдралд тохиох дараагийн шинэ зүйлийг хүлээж авахдаа өөрийгөө бэлдэхийг хүсч байвал ямар нэг байдлаар орчноо солиорой. Гадаад оронд гарах, хөдөө хэсэг амьдрах, 7 хоног өөр тийш сургалтанд яваад ирэх зэргээр яаж ч болно. Лагерт гарах хүртэл үүний нэг хэлбэр болж болох л юм, тэ? Нүдэнд өөр юм үзэгдэж, гарт өөр юм баригдана гэдэг, ер нь л үргэлж байдгаасаа ондоо зүйлд орно гэдэг маш үр дүнтэй завсарлага болдог. Тийм учраас л байнга аялалаар явдаг хүмүүс огтхон ч ядарсан шинжгүй, цаанаасаа эрч хүч нь бялхаж байдаг юм. Харах хүрээгээ тэлж, дотоод ертөнцдөө нэмэлт зай гаргахын тулд орчноо сольж, дандаа л давтагддаг жирийн амьдралдаа пауз дараарай.



2. Зөв нойр

Амраад эргээд ороход арьс чинь бүр нэг туяарч, нүд чинь сэргэсэн байгаасай гэж хүсч байна уу? Энэ хугацааг ашиглаад нойроо хангалттай ав. Гэхдээ энэ нь өдөр шөнөгүй унт гэсэн үг биш. Амралтынхаа үеэр ч болов тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэн, дундуур нь өдөр наад зах нь 30 минут дуг хий. Маргааш ажилгүй юм чинь гээд шөнө бүр 3 цаг болтол интернэт ухаж, кино үзээд байвал үд хүртэл унтаад сэрсэн ч сайн амралт болж яав ч чадахгүй гэдгийг санаарай. Бие чинь ч бас энэ хугацаанд нөхөн сэргээгдэж, сэлбэгдэх ёстой. 8 цаг бүрэн унтаад сэрдэг байхад гэмгүй шүү.

3. Хоббиндоо цаг гарга

Ажлаас болоод орхигдуулсан зүйлс байгаа бол тэдгээрийг төлөвлөгөөндөө оруулаарай. Их ажилласандаа гэхээсээ илүү дуртай зүйлээ хийхгүй байгаадаа л хүн гүн стресстэж, ядаргаанд ордог. Загвар зохион бүтээх, ууланд авирах, өгүүллэг бичих, сайн дурын ажил хийх, цуглуулгаа нэмэх гээд хоббиндоо заавал цаг гаргаарай. Тэгвэл амралт чинь үнэхээр үр дүнтэй өнгөрсөн хэмээн өөртөө ам бардам байх болно. Хэрвээ тогтсон хоббигүй бол ямар нэг бүтээлч, оюунлаг сэтгэлгээ шаардсан зүйл хийж болно. Рубик эвлүүлж сурах, хайчилбар хийх гэх мэт. Оюун ухаанаа өдөр тутмын ажлаас огт өөр зүйлд зарцуулах нь ч бас сайн амралт болно.

4. Юу ч бодохгүй бай

Нэг хором ч амар тайван байдаггүй тархиа хоослоод өгөөрэй. Юуг л бол юуг хүлээж авахад бэлэн хоосон толгой л илүү сэргэг ажилладаг. Хогтой адил хэрэггүй мэдээлэл, өнгөрсөн, ирээдүйн талаарх хий бодлоор дүүргэж орхисон тархиа хоослохын тулд бясалгалд явах, ном унших, зураг зурах, усанд сэлэх зэрэг ганцхан зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг зүйлсийг хийх нь том нэмэртэй. Байгаль ч гэсэн “юу ч бодохгүй байх”-д маш тохиромжтой орчин юм шүү. Энэ бол хүн бүрийн хүсдэг хэрнээ хийж чаддаггүй зүйлсийн нэг.



5. Эрүүл мэнддээ нэг том алхам хий

Би амралтаараа ходоодны курс эмчилгээнд яваад, олон сар өвтгөж зовоосон шархнаасаа ангижирсан юм. Тэгээд л эрүүл мэнддээ том алхам хийх нь бие махбодь, сэтгэл санаа, оюун бодлыг гурвууланг нь тайвшруулж, амрааж чадах зүйл мөн гэдгийг олж мэдсэн. Витаминлаг хүнсээр хөргөгчөө дүүргэх, эрүүл хооллолтын горим эхлүүлэх, өвдөөд л яваад байгаа зүйлээ оношлуулах, аль дээрээс үрэвсэж зовоогоод байгаа зүйлээ амралтаараа нэг мөсөн дараад ав. Эдгээрээс гадна гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, харилцаж, халуун дулаанаа солилцоно гэдэг хамгийн том амралт гэдгийг мэднэ биз дээ? Амралтынхаа өдрүүдээс хэдэн өдрийг нь зөвхөн тэдэнд анхаарлаа хандуулахад зориулж болно. Охинтойгоо хамт гадуур зугаалах, ээжтэйгээ хамт гоо сайханд орох, аавтайгаа хамт загасчилах, нөхөртэйгөө хамт хөлбөмбөг үзэх, сэтгэлийн үгсээ ярилцах гэх мэт ажилтай үедээ амждаггүй анхаарлаа тэдэндээ хандуулаарай. Энэ бүгдийг амжуулж чадвал буцаад ажилдаа орохдоо утгаар нь амарч чадсан гэдгээ чи мэдрэх болно. Ээлжийн амралтын 21 хоног чинь чиний хувьд том “амьсгаа авалт” болно гэдэгт итгэлтэй байна.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.