Хүзүү гоёодчихлоо, сайхан хүүхэнд мөргөх үү, сайн эмчид үзүүлэх үү

Twitter Print
2023 оны 05-р сар 02-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

ХҮЗҮҮ ГОЁОДОХ ГЭЖ ЮУ ВЭ?

Магадгүй та хүзүү хөшөөд хөдөлж чадахгүй өвдөөд байхад ”Хүзүү чинь гоёодчихож, ганган залуу, эсвэл сайхан хүүхэнд мөргөчих” гэж хэлэхийг сонссон л байх.

Хүзүүний 2-р нугалмын хажуугийн сэртэнгээс доош уруудаж сээрний Th7,8-р нугалмын түвшинд бэхлэгддэг шулуун булчин огцом чангарч хүзүүний эргэлтийг хязгаарласан өвдөлт үүсгэхийг хүзүү гоёодох гэнэ.

Шалтгаан

Хөдөлгөөний хомсдол - хөдөлгөөн багатай суугаа ажлын нөхцөл, буруу байрлалд утсаараа олон цаг тоглох, компьютерийн ард олон цагаар тонгойж ажиллах, хүзүүгээ хэт өлийж, гилжийж, хагас эргүүлж ажилладаг мэргэжлийн хүмүүс

Доошоо харж унтдаг, дэргүй эсвэл өөрийнхөө хүзүүний хэлбэрт тохироогүй хэт намхан эсвэл хэт өндөр дэртэй унтах

Осол гэмтэл, зохимжгүй байрлалд буруу чиглэлд хийсэн огцом гэнэтийн хөдөлгөөн

Шинж тэмдэг

Гол илрэх шинж нь хүзүү өвдөнө. Булчин чангарсан тал уруу хүзүү гилжийж мурийна. Өвдөлт нь толгойгоо эргүүлэх, хазайлгах, гэдийлгэх хөдөлгөөн хийхэд нэмэгдэнэ. Огцом хөдлөх, ханиах найтаахад хатгана. Дал мөрөөр хөшиж, гар хөдөлгөхөд татагдаж өвдөнө. Хүзүүний доод түвшинд мэдрэлийн ёзоор цочирсон бол өвдөлт мөр, гар, дал руу дамжина. Хүзүүний дээд түвшинд мэдрэлийн ёзоор цочирсон бол өвдөлт толгой дагз руу дамжина. Мөн зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, толгой эргэх, тэнцвэр алдагдах шинж илэрч болзошгүй.

Эмчилгээ

Хүзүүнд өвдөлт үүсгэсэн үндсэн шалтгааныг эмчлэхээс гадна өвдөлт намдаах, чангарч цочирсон булчинг суллах зорилгоор эмийн болон сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хэрэв байн байн хүзүү гоёдоод байвал нугалам засалч эмчид хандан хүзүүний нугалмууд хэвийн байрандаа байгаа эсэхийг заавал шалгуулаарай.

Бэханзэ эмнэлэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.