
Усанд сэлэлтийн спортоор Олимпийн наадмаас хоёр алтан медаль хүртсэн Клит Келлер өнгөрсөн долоо хоногт Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран орсон иргэдийн дунд байсан талаар Америкийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
Цагдаа нар Конгрессийн байрнаас дайран орсон иргэдийг хүчээр гаргах гэж оролдож буй бичлэг дээрээс АНУ-ын Олимпийн багийн хүрмийг өмссөн, өндөр, сахалтай залууг усанд сэлэлтийн багийнх нь гишүүд болон дасгалжуулагч нар Олимпийн аварга Клит Келлер гэдгийг таньсан болохоо мэдэгджээ. Олимпийн наадмаас хоёр алт, нэг мөнгө болон 2 хүрэл медаль хүртсэн 38 настай Клит Келлер Конгрессийн байр луу дайран орсон иргэдийн дунд байсан нь түүнд хууль сахиулагчдын зүгээс хариуцлага хүлээлгэх үндэс болоод байна.
Конгрессийн байр луу дайран орж, үймээн үүсгэсэн иргэдийг АНУ-ын Холбооны шүүхээс хууль бусаар Конгрессийн байр луу нэвтэрсэн, үймээн самуун үүсгэсэн, төрийн өмчийг хулгайлсан, галт зэвсэг эзэмших журмыг зөрчсөн зэрэг хэд хэдэн зүйл заалтаар яллаж байгаа билээ. Нью Йорк Таймс сонинд бичсэнээр К. Келлер нийгмийн сүлжээнүүд дэх аккаунтуудаа устгасан байсан ба тэрээр сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээндээ Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжсэн постууд нийтэлдэг байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран орж, үймээн үүсгэсний улмаас 5 хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.