В.Путин Зул сарын баярын үеэр галаа зогсоохыг С. Шойгуд үүрэг болгожээ

Twitter Print
2023 оны 01-р сар 06-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд Украинд явуулж буй тулаанаа Үнэн алдартны шашинтнуудын Зул сарын баярын үеэр буюу Москвагийн цагаар энэ сарын 6-ны өдрийн 12 цагаас 7-ны шөнийн 12 цаг хүртэл нийт 36 цаг зогсоохыг үүрэг болгожээ.

Ерөнхийлөгч В. Путины уг шийдвэр дайны фронтын бүх шугамын дагуу хэрэгжих аж. Түүнчлэн В. Путин Киевээс мөн адил заагдсан хугацаанд галаа зогсоохыг уриалсан байна. Тэрээр дайн тулаан явагдаж буй бүс нутгуудад үнэн алдартны шашин шүтдэг олон тооны иргэд оршин суудаг, Украины тал тэдгээр хүмүүст Зул сарын үеэр сүм хийд орох боломжийг олгох нь зүйтэй хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.

Оросын төрийн тэргүүн Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Кириллийн гаргасан хүсэлтийн дагуу уг шийдвэрийг гаргасан гэжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Кирилл үнэн алдартны шашинтнуудад Зул сарын үеэр сүм хийд орох боломжийг олгох үүднээс зөрчилдөж буй талуудад галаа зогсоохыг уриалсан аж.

Украины Ерөнхийлөгчийн тамгын газраас Оросын Үнэн алдартны сүм нь украин үндэстнүүдийг хомроглон устгахыг уриалж, иргэдийг олноор нь хөнөөхийг дэмжсээр ирсэн дайны суртал ухуулагч хэмээн тодорхойлж, Зул сарын үеэр галаа зогсоохыг уриалж байгаа нь "увайгүй хавх, суртал ухуулгын нэг хэлбэр" хэмээн Украины Ерөнхийлөгч В. Зеленскийн зөвлөх Михаил Подоляк твиттер хуудаснаа бичжээ. Түүний хэлж байгаагаар Украин улс Орос шиг өөр улс руу довтолж, энгийн номхон иргэдийг хөнөөгөөгүй, харин ч өөрийн газар нутагт орж ирсэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж байгаа ба ОХУ-ын цэргүүд Украины газар нутгаас бүрэн гарсны дараагаар л галаа зогсоох асуудлыг хөндөх боломжтой аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден В. Путин галаа зогсоох шийдвэр гаргасан нь "амьсгаа авах" гэсэн оролдлого хэмээн мэдэгджээ. Тэрээр ОХУ католик шашинтнуудын Зул сарын үеэр, Шинэ жилийн баярын үеэр ч тэр Украины эмнэлгүүд, хүүхдийн цэцэрлэгүүд, сүм хийдүүдийг зогсолтгүй бөмбөгдөж байсныг онцолжээ.

Украины талаас В. Путины галаа зогсоох уриалгыг хүлээн авахгүй бол ОХУ-ын армийн зүгээс галаа зогсоох эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч В. Путины шийдвэрийг Донецк мужийн Бахмут хот руу давшилж буй Вагнер хувийн цэргийн компани дагах эсэх нь ч мөн тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.