Украины хил дээрх ОХУ-ын цэргийн албан хаагчдын тоо үлэмж нэмэгдсэн гэлээ

Twitter Print
2021 оны 04-р сар 10-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

2014 онд ОХУ Крымийн хойгийг улсынхаа бүрэлдэхүүнд нэгтгэж, Украины зүүн нутаг дахь Оросын талыг баримтлагч босогчдыг дэмжиж эхэлснээс хойш ОХУ-ын Украины зүүн бүс нутгийн хил дээр байршуулсан цэргийн албан хаагчид болон цэргийн машин техникийн тоо огцом нэмэгдсэн талаар Цагаан ордноос мэдээлжээ.

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн мэдээлснээр Вашингтон Украин дахь "Оросын түрэмгийлэл" нэмэгдэж буй явдалд сэтгэл зовниж байгаа ба Вашингтон уг асуудлыг НАТО-гийн гишүүн орнуудтай хэлэлцэж байгаа гэжээ.

Украины зүүн хил дээр Оросын зэвсэгт хүчнийхэн байршиж, цэргийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлж байгаа асуудалд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгэл зовниж буйгаа илэрхийлсэн ба өнгөрсөн долоо хоногт тэрээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн ОХУ-ын тал дээр баримталж буй бодлогыг "тууштай дэмжиж" буйгаа илэрхийлжээ.

Украины зүүн нутаг Донбасст нөхцөл байдал хурцдаж, Оросын талыг баримтлагч босогчид Украины зэвсэгт хүчнийхний хооронд мөргөлдөөн үүсэх үед буюу 2014 онд Украины зүүн хил дээрх Оросын цэргийн албан хаагчдын тоо 25 мянгаас 30 мянгад хүрч байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Украины зүүн хил дээрх Оросын цэргийн анги бүрэлдэхүүний тоо тодорхойгүй байгаа ч Украины зэвсэгт хүчнээс мэдээлж байгаагаар өнгөрсөн сарын сүүлээр Оросын 20 мянга орчим цэргийн албан хаагчид, олон тооны цэргийн хүнд машин техник Донбасс рүү хөдөлсөн гэжээ.

Түүнчлэн сүүлийн саруудад Донбасст босогчид болон Украины зэвсэгт хүчнийхний хоорондын зөрчилдөөн хурцдаад байгаа аж. Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакигийн хийсэн хэвлэлийн бага хурлаас хэдхэн цагийн өмнө ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй холбогдож, Украины зүүн хил дээрх зөрчилдөөнийг улам бүр хурцдахаас сэргийлж, байршуулсан цэргийн анги бүрэлдэхүүнээ татахыг шаарджээ.

Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Донбасс дахь нөхцөл байдал хурцадсан явдалд Украины тал буруутай хэмээн мэдэгджээ. Барууны орнууд болон НАТО Оросын эрх баригчдыг Донбасс руу цэргийн албан хаагчдаа илгээж байгааг буруушааж буйгаа илэрхийлсээр байгаа билээ.

Донбасст байрлах Оросын талыг баримтлагч босогчид Украины зэвсэгт хүчнийхний хоорондын мөргөлдөөний улмаас 14 мянган хүн амь насаа алдаад байгаа юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-ukraine-crisis-usa/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.