Өнөөгийн бид...

Twitter Print
2016 оны 07-р сар 04-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

Наадам ч одоо болчихлоо доо. Уг нь наадмаас өмнө амжиж "нутаг бараадъя" гэж бодож байсан юм. Даан ч энээ тэр ажил ундарсаар байгаад амжсангүй. Нутгийн салхи сэтгэлд сэвэлзээд тогтож өгөхгүй юм. Ирэх наймдугаар сард л очино доо. Эх нутгаа санасан хэдэн жил одоо ард хоцорч байна. Харин яваад очиход ямархуу ахуй амьдрал, ая зан угтаж байгаа бол?

Бараг сарын өмнө найз хүүхэнтэй чааталсан юм. Монголд амьдрал хэр байгаа талаар. Тэгэхэд мань хүн мөнгөтэй л бол амьдрал сайхан байнаа гэж хариулсан. Тэр нь хэр их хэмжээний мөнгө юм байгаан, лав л төсвийн цалин авдаг хүний мөнгө лав биш дэг. Энэ яриа цааш нилээд хурцадмал өрнөсөн. Би болохоор нэт-ээр үзсэн харсан бүхнээ яриад нилээн сөрөг комээнтүүд өгч орхисон юм. Мань хүн тас өмөөрөх шахуу. Тогооноосоо гарч үзээгүй хүн болохоор ингээд байх шиг байна гэж би хувьдаа ойлгосон. Яг л нөгөө Монголчууд бид мундаг гэсэн хийрхэл цухалзаад байгаа юм уу?

Монголд очих хугацаа дөхөх тусам сэтгэлзүйн бэлтгэл хийгээд ч байгаа юм шиг санагдахын, сонин. Юу идэж уух вэ, агаар усанд хаагуур гарч байхав гэх мэтээр. Бас дээрээс нь гадуур явахдаа хувийн бэлтгэлээ ямархуу төвшинд хангах вэ гэх мэтээр. Харин манай хүн, би очоод миа утас баринаа, алдчихвал харамсах юмгүй гэсэн. Зөв санаа гэж би дэмжив, учир нь мань хүн хулгайд алдах байтугай өөрөө юмаа хаяад явдаг хайнга хүн болохоор.

Ингэхэд би сүүлд Монголын одоогийн амьдрал ахуйн талаар юу мэдчихээд санаа зовоод байгаагаа бичвэл,

Цэцэрлэгийн багш нар айлын нялх үрсийг жишим ч үгүй зоддог болсон гэнэ. Зүгээр нэг чимхэх төдий биш бүр ноцтой гэмтэл учиртал нь. Нэг бус нилээн хэдэн тохиолдлыг халуун сурвалжаас нь олж сонссон. Арай дэндүү биш үү, эцэг эх нь зодох бүү хэл, муухай ч харж чадахгүй хайрладаг балчир амьтдаар нэг муу ёс суртахуунгүй бүдүүн авгай гарынхаа чилээг гаргаж байна гэдэг чинь. Өөрөө адилхан үр хүүхэдтэй эх хүн байж.

Эмнэлэгийн эмч нар одоо бүр хүнээ байсан юм бишүү. Мөнгө л байхгүй бол нөгөө юү гэдэг болсон бололтой. Миний санахаар эмч нар ажлынхаа төлөө тангараг өргөдөг биш билүү. Нэг өвчтөн дээр гурван эмч давхардаж, гурван өөр эмчилгээ хийдэг сурагтай. Мэдэмхийрсэн нөхдүүдийн дунд өвчтөн туршлагын туулай болж хоцордог шиг.

Дээр нэг танил маань дээр брокколи аваад нэг сайхан шөл хийж идэх гэж л дээ. Шөлөө ч хийж яг л санаснаараа, аягалаад идэх гэтэл аяга дүүрэн жижиг жижиг хорхой хөвж байх нь тэр. Арай ч дээ, монголд хэн хаанаас юу авчирч зарж борлуулах нь дэндүү хяналтгүй байгаагын хамгийн наад захын жишээ энэ.

Нэг хүн хэдэн ч утастай, хэдэн ч дугаартай байж болох эрхийн дагуу тэнэг ухамсаргүй нөхдүүд утас ашиглаж юу дуртайгаа хийдэг болсон бололтой. 9911 гэсэн дугаар луу, өөрийн анкет шиг мэдээллээ бичээд, тэдэн төгрөгөөр туславал яавал ч яана гэдэг болсон гэнэ. Нэг бус хүнээс ийм юм сонслоо. Юу болоод байгаа юм болоо? Мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа байсан ямар нийгэм хөгжөөд байнаа. Монгол эмэгтэй хүний үнэ цэнэ яагаад хэдхэн халтар цааснаас дор болчихов. Дэндүү гутамшиг биш гэж үү...

Гэх мэтчилэнгээр дурьдаад байвал яваад л байх бололтой. Хэзээ монголчууд бид дэлхий нийтийн хамгийн наад захын стандарт руу ойртож очих юм бэ?

Хувь хүн дор бүрдээ ёс суртахуун, хувийн соёл, зохион байгуулалтыг бий болгоод тэрийгээ хвшүүлчихвэл уг нь болохсон. Ийм дадал зуршилтай болтлоо ч дор хаяж 20-30 жилийг зарцуулах байх. Ийм больё гэсэн сэтгэлгээ, урилгагүй бол энүүгээрээ хэдэн мянган жил ч амьдрана. Үеэс үед өөнөөх муу муухай бүхэн автоматоор удамшсаар.

Хотын соёлтой болох гэж ядаж хэлбэрдсэн баахан хүмүүс. Үнэтэй машин, гоё дугаартай гоё утас (тэдний өөрсдийнх нь яриагаар), нэрийг нь ч хэлж чадахгүй баахан үнэн худлаа брэндүүдэд унаж үхсэн хүмүүс. Улаанбаатарын шороотой гудамжинд хичнээн сайхан брэнд өмсөөд явж байлаа ч тэр нь үнэндээ зохиогүй чимэг гэдгийг илт харагдуулдагийг мэдмээр юм даа. Яг үнэндээ хотод амьдарна гэдэг чинь олны дунд амьдрах ёс зүй, суртахууныг алхам бүрдээ баримталж, хамгийн наад зах нь хогоо хаяхгүй, нэгнээ хүндэлж байх явдал юм шүү дээ. Тэнгэрт хадсан үнэтэй машин зайдалчихаад хажуугаар зөрөх нэгнээ гахай нохой, ална шудна гэж байгаа борог бараг хүмүүс бол хотынх (уулаасаа хотых байлаа ч гэсэн) болох гээд мөрөөдөөд ч чадахгүй.

Нэг нэг уулын ам, жалгын мухарт дугуй гэрээ бөөрөнхийлээд бор гэртээ Богд, хар гэртээ хаан болж ирсэн нүүдэлчин Монголчууд бид шавар байшинд шамбааралдаж амьдардаг суурин соёлтой болоход ихээхэн хугацаа хэрэгтэй юм байна гэж одоогийн байдлаас анзаарагдсан. Нэгнээ хүндлэх, өөрөөсөө илүү чаддаг нэгнээ хүлээн зөвшөөрөх ухамсар, дадал зуршил би би, би мундаг тусгаар сэтгэлгээтэй нүүдэлчин монголчуудад байддаггүй юм шиг билээ.

Аливаа нэг дадал зуршлыг шинээр сурахад уйгагүй оролдлого, их хугацаа хэрэгтэй байдаг. Хамгийн түрүүнд нэг нэгнийгээ хүндэлдэг, нэг нэгэнтэй зөв боловсон харьцаад сурчихвал маш том бас бат бөх суурь тавигдлаа гэсэн үг. Долоо найман жилийн өмнө дэлгүүрт орж хувцас хунар бас бус юм авч худалдаа хийж байгаа хүнд орлого оруулах гэснийхээ төлөө огт танихгүй тэрхүү эрхэмд загниулчаад гараад ирдэг байсан. Одоо хэр энэ үзэгдэл хэвээрээ байгаа гэсэн. Үнэхээр бүдүүлэг юм даа. Энэ мэтчилэнгээр толгой дээрээ овоотой бухлаа харахгүй амьдраад байвал хэдэн галавт ч хэвээрээ л үлдэж хоцрох байх даа, хөөрхий гэж.

Хэрэгцээ тансаг сайхан боллоо гээд асуудлыг шийдэж чадахгүй, ухамсар, аливаад хандах хандлагаа өөрчилж байж л Монголчууд бид хөгжил гэдэг зүйлд ахиц гаргаж чадна. Өнөөгийн монголчууд гадаад хэлбэртээ хэт хошуурч, маш их цаг энергиэ алдаж байх шиг. Дотоод мөн чанар, түүний өөрчлөлт рүү өнгийж харж байгаа нь тун цөөхөн. Уг нь хамгийн нэгдүгээрт үүнийг шийдчихвэл асуудал арай өөр болмоор санагддаг. 

За уучлаарай, нэг ам нээснийх баахан юм цаанаас түрээд гаргачихлаа. Мундаг хүн болчихоод ингээд байгаа юм биш шүү. Жаахан ч гэсэн өөрчлөгдөөсэй, өөрчлөгдөх юм сан. Дэлхий нийтийн хөгжил дэвшилд алхаа нийлүүлэх юмсан гэж бодож явдаг нэгэн дорд амьтны эрээвэр хураавар бодлууд. Хамдтаа сайн сайхан өөрчлөлт авчиръя гээд намайг хэн нэг нь дуудвал УУХАЙ хашгираад гүйгээд очиход бэлэн байнаа.

Монгол бүсгүй

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.