Aramco компанийн 2-р улирлын ашиг орлого 48.4 тэрбум ам. долларт хүрч, рекорд тогтоожээ

Twitter Print
2022 оны 08-р сар 15-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Саудын Арабын газрын тосны Aramco компанийн 2022 оны 2-р улирлын ашиг орлого 48. 4 тэрбум ам. долларт хүрч, рекорд тогтоожээ. Энэ нь яг жилийн өмнөх үзүүлэлтээс 90 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд газрын тосны дэлхийн хамгийн том экспортлогч Aramco компанийн хувьд 3 жилийн өмнө нийтэд хувьцаагаа арилжиж эхэлснээс хойш хамгийн их ашиг орлого олсон явдал боож байгаа аж.

ОХУ Украин руу довтолсноос хойш дэлхий даяар газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн билээ. ОХУ нь газрын тосны томоохон экспортлогчдын нэг хэдий ч Украин руу халдсан явдлыг нь буруушааж барууны орнууд ОХУ-ын эрчим хүчний экспортын хамаарлаас ангижрахын тулд өөр эх үүсвэрүүдээс эрчим хүч эскпортлож эхлээд байгаа билээ.

Блүүмбергийн мэдээлснээр Саудын Арабын газрын тосны Aramco компани нийтэд хувьцаагаа арилжиж буй компаниуд дундаас нэг улиралд хамгийн их ашиг орлого олсон компаниар тодорчээ.

Aramco компанийн зүгээс 3-р улиралд ноогдол ашгаа 18.8 тэрбум ам. доллар хэвээр хадгалан үлдэнэ мөн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.

ОХУ Украин руу довтлохоос өмнө коронавирусын цар тахлын дараагаар улс орнуудын эдийн засаг сэргэж эхлэхтэй зэрэгцэн газрын тосны эрэлт нийлүүлэлтээ давж, үнэ нь өссөн байсан юм.

Газрын тос олборлогч томоохон компаниуд болох ExxonMobil, Chevron, BP бүгд энэ жил их хэмжээний ашиг орлого олсон юм. Үүнтэй холбоотойгоор иргэд эдгээр компаниудад гэнэтийн ашгийн татвар ноогдуулахыг эрх баригчдаас шаардаж байна.

Өнгөрсөн 6-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ExxonMobil компани энэ онд "Бурхнаас ч их мөнгө олсон" хэмээн онцолж байсан билээ.

Саудын Араб нь ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын хамгийн том үйлдвэрлэгч орон юм.

Өнгөрсөн долоо хоногт ОПЕК газрын тосны үнийн өсөлттэй тэмцэхийн тулд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр зөвшилцөлд хүрсэн ч үйлдвэрлэл өмнөх саруудаас ч удаашралтай явагдаж байгааг ажиглагчид онцолж байна.

Эх сурвалж: BBC

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.