
Байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн бүр нийгмийн даатгалд хамрагдах ёстой гэсэн мөртлөө яг юуны тулд энэ шимтгэлийг төлөөд байгаагаа хараахан мэддэггүй. Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахад минь хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл таны сар бүр төлөөд байдаг, цалингийнхаа 10%-ийг суутгуулаад байдаг нийгмийн даатгалын шимтгэл нь ямар ач холбогдолтойг энэхүү нийтлэлээрээ тайлбарлахыг зорилоо.
Даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох аливаа эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг нийгмийн даатгал гэнэ.
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.
Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бүхий л үеийн туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогүй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн даатгалын сангаас зохих журмын дагуу нөхөн төлбөр олгоно.
Байгууллагын ажилтан сар бүр цалингаасаа дээрх нийгмийн хамгааллыг хангах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ шимтгэл нь нийт цалингийн 10%-д тооцогдон төлөгддөг.
Нийгмийн даатгалын шимтгэлийг бага төлөх нь ирээдүйд дээр дурьдагдсан эрсдлүүд тохиолдоход танд очих нөхөн төлбөр төдийчинээ багасах тул аль болох авч буй цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байх нь ажилтан танд зайлшгүй хэрэгтэй юм.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.