Үүлэн бор (Орос ардын үлгэр)

2016 оны 07-р сар 10-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Гурван хүүтэй өвгөн байжээ. Хоёр том хүү нь орон гэрийнхээ ажлыг амжуулдаг овсгоотой сэргэлэн Бага хүү Иван нь тэнэг гэнэ. Ойд явж мөөг түүх дуртай, гэртээ бол пийшин дээрээ хэвтээд өнждөг гэнэ. Өвгөн нас эцэслэх цаг болоход хөвгүүдээ дуудан,

Намайг үхсэний дараа гурван шөнө дарааллан булшин дээр минь очиж талх авчирч өгөөрэй гэж захижээ. Тэгээд ч өвгөн насан эцэслэж хөвгүүд нь оршуулжээ.

Эхний шөнө болж булш руу явах том хүүгийн ээлж ирэв. Том хүү нэг бол залхуурч, нэг бол айсан уу, ямар ч гэсэн явсангүй, харин Иванд,

Чи өнөө шөнө миний оронд эцгийн булшин дээр талх аваачиж өгөөд ирээч! Би чамд боов авч өгнө шүү гэв. Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очин хүлээн суув. Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээ

Хэн ирээв? Миний том хүү юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу гэж асууж гэнэ.

Таны хүү байнаа. Орос нутаг амар тайван байнаа эцэг минь! гэж Иван хариулав. Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтэв. Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив. Том ах нь

Аав байна уу? гэв.

Байнаа.

Талх идэв үү?

Идсээн, цадталаа идсэн.

Хоёр дахь шөнө болов. Дунд хүүгийн явах ээлж болоход тэр залхуурсан ч юмуу, айсан ч юмуу, ямар ч гэсэн явсангүй. Харин Иванд,

- Чи миний оронд эцэг дээр  очоод ирээч! Би чамд шаахай сүлжиж өгнө шүү гэв. Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очиж хүлээн  суув. Шөнө дунд гэнэт  газар  хагаран  эцэг  нь босож ирээд асуув.

-  Хэн ирээв? Миний дунд хүү юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу?

Таны хүү байнаа. Орос нутаг амар тайван байнаа, эцэг минь! гэж Ивав хариулав. Эцэг талх цадталаа идээд булшиндаа эргэж хэвтлээ. Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд дунд ах нь,

- Эцэг талх идэв үү? гэв. Идсээн, цадталаа идсэн. Гурав дахь шөнө болов. Иван ах нартаа, би хоёр шөнө дараалан явсан.

- Одоо та хоёр эцгийн булшин дээр оч, би амармаар байна гэжээ. Хоёр ах нь,

- Иван, чи юу ярина вэ? Чи явж сурсан, чи л явсан нь дээр! гээд халгаасангүй. Иван талх аваад явав. Шөнө дунд газар хагаран эцэг босож ирээд,

- Хэн ирээв? Миний бага хүү Ваня юу? Орос нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж, өлсгөлөн ноход хуцаж, үр хүүхэд минь уйлж байна уу? гэж асуухад Иван,

Таны хүү Иван энд байнаа. Орос нутаг амар амгалаан, эцэг минь гэв. Эцэг талхыг цадталаа идээд,

- Миний захиасыг  ганцхан чи  л  биелүүллээ. Гурван шөнө миний булш руу айлгүй ирлээ.

Чи цэлгэр хөндий, цэнхэртэх талд гараад "Илбэт бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад    ирээч!" гэж хашгиран дууд. Сайхан морь чам руу давхиад ирнэ, чи баруун чихээр  нь  ороод зүүн чихээр нь  гар. Тэгээд чи хүч чадал ихтэй сайн эр болно, сайхан мориндоо мордож алсыг зорь гэжээ. Иван хазаарыг аван эцэгтээ талархаад замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив гэнэ. Хоёр ах нь,

Аав байна уу? гэв.

Байнаа.

Талх идэв үү?

Идсээн, цадталаа идсэн, дахиж битгий ирээрэй гэсэн. Энэ  үед хаан ард олныхоо дунд зар тараажээ. "Ганц бие, хань бүлгүй сайн эрчүүд хааны ордны гадаа цуглар. Хааны Хосгүй үзэсгэлэнт охин арван хоёр баганатай, арван хоёр давхар гуалин  цагирагтай цамхаг босгохыг зарлигдсан гэнэ.

Тэр цамхагийнхаа хамгийн өндөрт Хосгүй үзэсгэлэнт гүнж суугаад ямар эр мориныхоо ганц үсрэлтээр уруулд нь хүрч үнсэхийг хүлээнэ гэнэ. Гүнжийн уруулд хүрч үнссэн хүчит морьтон эрд ямар ч хүний үр байсан ч хамаагүй, хаан охиноо эхнэр болгон өгч хаант улсынхаа хагасыг нэмж бэлэглэнэ" гэжээ.

Энэ тухай хоёр ах нь сонсоод хоорондоо “Азаа үзье” гэж ярилцав гэнэ. Тэгээд сайн морьдоо тэжээж услаад өөрсдөө сайхан хувцсаа өмсөөд үсээ самнаж зүсээ янзлав гэнэ. Иван пийшин дээрээ сууж байснаа,

- Ах нар  минь,  намайг  аваад  яваач.  Цуг  явж  азаа үзье гэхэд нөгөө хоёр нь,

- Пийшин Иван, чи дуугүй бай! Олны доог болж явснаас ойд явж мөөг түү гэжээ. Ингээд хоёр ах нь малгай юугаа духдуулаад магнай унаж уун гэж хавираад уухайлан давхижээ, тоос ард нь үлджээ. Тэгэхэд Иван хазаараа аван цэлгэр талд гараад эцгийнхээ зааснаар,

- Илбэт Үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл эрэг газрыг жирэлзтэл давхиад ирээч! гэж дуудав.

Гэтэл газар дэлхий чичиргэн нэгэн морь давхин ирсэн нь хамрынх нь нүхнээс дөл дүрэлзэн, чихээс нь утаа олгойдно гэнэ.  Морь  газар  хадагдах  мэт зогтусан,

- Тушаагтун! гэв. Иван морио илэн таалаад хазаарлан, баруу чихээр нь орж зүүн чихээр нь гарвал үгээр хэлшгүй үзгээр бичишгүй сайхан төрсөн сайн эр боллоо гэнэ. Тэгээд мориндоо мордон хааны ордон руу давхижээ. Үүлэн бор морь нь нисэх мэт давхихад газар дэлхий чичрэн уул толгод урсан ханарч урга хад хэвтээ хожуул дөрвөн туурайн хоорондуур жирэлзэн өнгөрнө гэнэ.

Иваныг хааны ордны гадаа ирэхэд үй олон хүн үймэлдэн цугларсан байв. Арван хоёр баганатай арван хоёр давхар гуалин цагирагтай цамхагийнхаа хамгийн өндөрт цонхон дээрээ Хосгүй Үзэсгэлэнт гүнж сууж байв гэнэ. Хаан үүдэн дээрээ гаран,

- За, эрхэм сайн эрчүүдээ! Та нарын хэн нь мориныхоо харайлтаар тэр цонх хүртэл үсэрч охины минь уруулыг үнсэх вэ? Тэр эрд би охиноо, хаант улсынхаа хагасыг өгнө гэв. Сайн эрчүүд ээлжлэн давхиж үзлээ. Цамхагийн оройд хүршгүй өндөр аж! Иваны хоёр ах харайгаад цамхагийн дунд нь хүрсэнгүй. Иваны ээлж ирлээ.

Иван Үүлэн бор морио гуядан уухай хийн ухасхийн үсэрвэл хоёрхон цагираг дутав. Дахин цойлж ахиад нэг үсэрсэн чинь ганцхан цагираг дутав гэнэ. Гурав дахь удаагаа цойлон Үүлэн бор морио тасхийтэл гуядан үүлэнд тултал үсэрч өндөр цонхонд хүрч Хосгүй Үзэсгэлэнт гүнжийн балын     амтат уруулыг  шүргэн  үнсэхэд  гүнж  ч  Иваны  духан  дээр бөгжөөрөө хүрч тэмдэг тавьж амжив гэнэ. Олон түмэн шуугилдан,

- Эрэлхэг эрийг бариад ав, бариад ав! гэлээ. Гэтэл эрэлхэг эр бараа сураггүй давхин одов.

Иван цэлгэр талд давхиж ирээд Үүлэн борынхоо чихээр орж баруун чихээр гараад дахин тэнэг Иван болов хувирчээ. Тэгээд морио суллан тавиад замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирж духаа алчуураар боогоод пийшин дээрэ гарч хэвтжээ.

Хоёр ах нь буцаж ирээд хаана байсан, юу үзсэнээ ярив гэнэ.

Сайхан төрсөн сайн эрчүүд цугларсан даа. Гэхдээ нэг онцгой сайн эр мориороо  үсрэн  гүнжийг  үнсэж  чадсан. Хаанаас ирснийг нь цөм харсан, харин хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй хоцорлоо гэцгээв.

-  Тэр чинь би байсан юм биш үү? гэж Иваныг хэлэхэд хоёр ах нь уурлан,

-  За тэнэг минь дуугаа тат. Пийшин дээрээ мөөгөө идэж суу гэлээ.

Гүнжийн бөгжөөрөө хүрч тэмдэг тавьсан духныхаа боолт Иван автал гэр дүүрэн гэрэл туяа цацрав. Хоёр ах нь айн,

- Тэнэг минь, чи юу хийж байна? Гэр орон шатаах нь гэж хашгирлаа.

Маргааш нь хаан өргөн их найр хийх болж дээд түшмэлээ аваад доод ардыг хүртэл баян ядуу, хөгшин залуу хүн бүгдийг урин залж гэнэ.

Иваны хоёр ах найранд явахаар бэлдэхэд Иван,

Би цуг явъя гэв.

Тэнэг минь, олны инээдэм болсноос орон гэртээ суугаад олсон мөөгөө идэж бай гээд хоёр ах нь малгай юугаа духдуулаад магнай морьдоо унаад яваад өгч гэнэ. 

Иван явган явсаар хааны найранд ирээд хамгийн захын ширээнд суужээ. Хосгүй Үзэсгэлэнт гүнж зочин олноо зочлон хүндэтгэжамтат балтай аягыг өргөн барьж аль хүний духан дээр тэмдэг байна гэж харна гэнэ. Гүнж бүх зочиндоо бал бариад Иван руу дөхөж ирэхдээ зүрх нь шимширэн өвдлөө гэнэ. Тэгээд Иваныг харвал үс гэзэг нь арзайсан үнс тортог болсон хүн сууж байна гэнэ. Хосгүй Үзэсгэлэнт гүнж,

- Хаанах газрын хүн бэ? Хаа хүрч явна вэ? Юуны учир духаа боогоо вэ? гэж түүнээс асуухад Иван,

- Цохичихсон юмаа гэж өчив. Гүнж духных нь боолтыг тайлбаас ордон дүүрэн гэрэл туяа гялбан цацрав гэнэ.

Энэ миний тэмдэг байна! Миний заяаны хань энэ байна! гэж гүнж хэлэв. Хаан ойртон ирж,

- Юуны чинь заяаны хань! Үнс тортог болсон аймаар амьтан байх чинь гэхэд Иван,

- Нүүр гараа угаагаад ирэхийг зөвшөөрнө үү гэв. Хаан зөвшөөрчээ. Иван гадаа гараад эцгийнхээ зааснаар,

Илбэт Үүлэн бор морь минь, эрээн уулыг эрэлзтэл  эрэг  газрыг  жирэлзтэл  давхиад  ирээч!  гэж дуудлаа. Тэгтэл ч хамрынх нь нүхнээс дөл дүрэлзсэн, чихнээс нь утаа олгойдсон нэгэн морь тэнгэрээс унасан мэт давхиж ирэхэд газар дэлхий ганхан чичрэв гэнэ. Иван мориныхоо баруун чихээр ороод зүүн чихээр гарч тааж хэлж баршгүй тайлж зурж болшгүй сайхан төрсөн сайн эр болон хувирч гэнэ. Үй олон ард үймэлдэн гайхав гэнэ, үг дуугарч чадалгүй уулгалан суув гэнэ.

Хөлгүй их найрыг хөгжилтэй хурим залгаж гэнэ. Сонин үлгэр ингээд төгслөө, сонссон хүнд гялайлаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.