Г.Батбаяр: Г.Сарангэрэлтэй шууд биш ч шалтгаант холбоогоор Х.Баттулга гишүүн холбоотой

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж буй Г.Сарангэрэлийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Түүний өмгөөлөгч Г.Батбаяр энэ талаар тайлбар хийлээ.

-Х.Баттулга гишүүний хамгаалагч Г.Сарангэрэлийг яагаад хамгаалалтандаа авсан юм бэ?

-Тэрийг нарийн сайн мэдэхгүй байна. Угаасаа Х.Баттулга гишүүний хамгаалагч гэдгийг хүмүүс таньж байна лээ шүү дээ.

-Та Г.Сарангэрэлийг өмгөөлж байгаагийн хувьд ямар үндэслэлээр гадны хамгаалалт авч байна гэж дүгнэв. Тэрээр энэ талаар танд юу гэж тайлбарласан бэ?

-Ер нь аюулгүй байдалд нь хамгаалалт хэрэгтэй байгаа. Гэхдээ хуулиараа Тахарын алба гэрч, хохирогчдыг хамгаалах үүрэгтэй. Тэгэхэд хувийн бие хамгаалагч хамгаалж байгаад гайхаж байна. Тэр хамгаалагчийг Л.Мөнхбаясгалан олж өгсөн.

-Та үйлчлүүлэгч учраас Г.Сарангэрэлийн бүхий л асуудлыг мэдэх ёстой. Тиймээс Х.Баттулга гишүүн Г.Сарангэрэлтэй уулзсан уу, эсвэл тантай холбогдсон уу?

-Тийм асуудал байхгүй.

-Тэгээд ямар байдлаар Х.Баттулга гишүүнтэй холбоотой болов?

-Ер нь миний үйлчлүүлэгчийг Х.Баттулга гишүүний бие хамгаалагч хамгаалж байна. Хоёрдугаар суваг телевизийн хөрөнгө оруулагч нь Х.Баттулга гишүүн. Шалтгаант холбоогоор энэ хоёр хоорондоо холбоотой. Шууд бус холбогдохгүй. Тэгээд ч шууд холбоотой гэж үзэхгүй байгаа. Магадлалтай гэж үзэж байна. Ярилцлага өгүүлсэн энэ бүхний ард Х.Баттулга гишүүн байж магадгүй л гэж хардаж байна л даа.

-Уг  нь та өмгөөлөгч нь. Тийм байж Цагдан хорих 461-р ангиас гарахад нь яагаад хамт байгаагүй юм бэ. Яаж яваад Г.Сарангэрэл ярилцлаганд орчихсон юм бэ?

-Намайг гэр лүүгээ явах хооронд Мөнхбаясгалан ирж уулзаад аваад явсан байна билээ.

-Хуульзүйн сайд Х.Тэмүүжин тантай холбогдсон уу?

-Холбогдоогүй.

-Хуульзүйн сайдын хувьд Г.Сарангэрэл Х.Баттулгын зохиолд тоглоод байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд та ямар хариулт өгөх вэ?

-Мэдэхгүй ээ. Хувь хүний дүгнэлтийн өмнөөс тэр, энэ нь зөв гэж хариулах утгагүй л дээ. Оролцсон гэхээсээ илүүтэй ард нь бол байх нь байгаа. Шалтгаант холбоонуудаар нотлогдож байна шүү дээ. Түүнээс ямархуу байдлаар яаж оролцож байна, эсвэл Х.Баттулга гишүүний нэрийг бариад хэдэн нөхөд яваад байгаа юм уу гэдгийг шалгаад ирэхээр тодорхой болох биз дээ.

-Таны хувьд хэрэг нь яаж шийдэгдэнэ гэж бодож байгаа вэ?

-Зохих байгууллагууддаа гомдлоо гаргасан байгаа. Хамгаалах шаардлагатай гэвэл Тахарын алба хамгаалах байх.

-Г.Сарангэрэлийн ээж аав нь хэр байгаа бол?

-Эцэг эх нь дарамтанд байлгүй яахав. Охиныг нь хүнтэй унтсан гээд зурагтаар гаргахаар дарамтанд оролгүй яахав дээ. Дээрээс нь хар тамхи татсан, татаагүй гээд янз бүрийн мэдээллүүдтэй холбоотойгоор гадуур явж чадахгүй байна. Таарсан хүн амьтан “Өө нөгөө Сарангэрэлийн аав, ээж явж байна ” гэж сэтгэлзүйн дайралт хийж байгаа.

-Та О.Баасанхүү гишүүнтэй холбоотой гомдол гаргасан байсан. Энэ асуудлаар?

-О.Баасанхүү гишүүний асуудал үнэн хүнд сурталтай байна. Нам нь таг дуугүй алга болсон. Одоохон хариуцлага тооцно гэсэн таг болсон. Байнгын хороонд нь өгсөн байгаа. Асуудлыг Байнгын хороо нь хүлээж авчихаад дахин 30 хоног сунгана гэсэн зүйл яриад байна билээ. Ёсзүйн дүрмээрээ бол тухайн гишүүн ажлын 10 хоногийн дотор хариугаа бичгээр өгөх үүрэгтэй юм билээ. Тэр үүргээ биелүүлэхгүй зугтаагаад нэлээд хонож байна. Өнгөрсөн зургадугаар сарын 10-нд хүргүүлсэн шүү дээ. Үнэхээр О.Баасанхүү гишүүн эсэргүүцэж байгаа бол зургадугаар сарын 21-нд хариугаа өгөх ёстой байсан. Наадмын дараа албан тушаалтан хүнд суртал гаргаж байна гэдэг асуудлыг хөндөнө дөө.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.